АНУ-ын Хавай мужийн Лахайна хотод Номхон Далайн 12 улс орны Гадаад худалдааны сайд нар Номхон Далайн Түншлэлийн Гэрээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байна. Өчигдөр эхэлсэн энэхүү уулзалтаар Номхон Далайн Түншлэлийн Гэрээ буюу Номхон Далайн 12 улсыг багтаасан чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэж байна. АНУ-ын Худалдааны Төлөөлөгч Майкл Фроумэн уулзалтын өмнө хүрэлцэн ирсэн нийт сайд нарт хандаж гэрээний гишүүн орнууд дотоод улс төрийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байгааг анхааруулсан байна.
Номхон Далайн Түншлэлийн Гэрээ нь Номхон Далайд оршдог 12 улс орныг багтаасан, яриа хэлэлцээрийн түвшинд үргэлжилж байгаа, албан ёсоор батлагдаагүй чөлөөт худалдааны гэрээ юм. Номхон Далайд оршдог Япон, Австрали, Бруней, Канад, Чили, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, АНУ болон Вьетнам улсыг багтаасан дээрх гэрээний орнуудын гадаад худалдааны хэмжээ нь дэлхийн нийт гадаад худалдааны 40 хувийг эзэлдэг байна.
Энэхүү гэрээг мөн "21-р зууны худалдааны гэрээ" хэмээн нэрлэдэг байна. Гэрээ байгуулагдвал гишүүн орнуудын хооронд хийгдэх гадаад худалдааны гаалийн тарифыг бууруулахаас гадна мөн цаашдаа гаалийн тарифгүйгээр худалдааг явуулах шийдвэрт хүрэх зорилтыг тавиад байгаа юм.