Дэлхийн анхны гар шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар АНУ-ын Филадельфи хотын мэс заслын эмч нар мэдэгдсэн байна.
Хортой халдварын улмаас гар болон хөлөө тайруулсан 8 настай хүүд ийнхүү анх удаа амжилттайгаар хоёр гар шилжүүлэн суулгаад байна. Өчигдөр Филадельфи хотын эмнэлгийн зүгээс гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай явуулсан талаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. Хэвлэлийн бага хуралд хоёр гар шилжүүлэн суулгуулсан 8 настай Зайон Харви хүү оролцсон байна. Түүний бугуйн хэсэг боолттой байсан ч шинээр суулгасан гар нь хүрэлцэн ирсэн олонд харагдаж байсан байна. Тэрээр мэс заслын дараа сэрээд шинэ гараа хараад эхлээд эвгүй байсан ч удалгүй сайхан санагдаж эхэлсэн талаараа хэлсэн байна.
Зайон Харви хүүд гар шилжүүлэн суулгах мэс засал энэ сарын эхээр Филадельфи Хотын Хүүхдийн Эмнэлэгт явагдсан байна. Мэс заслын эмч, сувилагч гэх мэт 40 хүний бүрэлдэхүүнтэй явагдсан мэс засал 11 цаг үргэлжилсэн байна. Хүүгийн гарын ясыг донорын гартай холбохын тулд ган төмрөөр хийгдсэн хэв, эрэг шургийг ашигласан байна. Дараа нь артери болон венийн судас, булчин, шөрмөс, мэдрэлийн судлуудыг холбосон байна. Эмч нар хүүгийн биеийн байдал хэвийн болтол мэс заслын талаар нууцалж байгаад ийнхүү өчигдөр энэ мэдээг олон нийтэд танилцуулжээ.
Сэтгэгдэл (1)