Өнөөдөр Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо Олон Улсын Олимпийн Хорооны Гүйцэтэх Зөвлөлийн хуралдаан эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаан нь 7 дугаар сарын 31-нд зохион байгуулагдах Олон Улсын Олимпийн Хорооны 128 дугаар Их Хурлын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд ийнхүү зохион байгуулагдаж байна. Энэ сарын 31-ний өдөр явагдах ОУОХ-ны 128 дугаар Их Хурлын үеэр 2022 оны өвлийн Олимп болон 2020 оны Залуучуудын Өвлийн Олимпийг зохион байгуулах хотуудын санал хураалт явагдах юм байна. 2022 оны Өвлийн Олимпийг зохион байгуулахаар БНХАУ-ын нийслэл Бээжин болон Казахстан улсын Алма-Ата хотууд өрсөлдөж байгаа билээ. Харин 2020 оны Залуучуудын Өвлийн Олимпийг зохион байгуулахаар Швейцарийн Лаузанне болон Румыний Брасов хотууд өрсөлдөж байгаа юм. ОУОХ-ны 128 дугаар Их Хурал 7 дугаар сарын 31-ний өдөр мөн Куала-Лумпур хотноо явагдана.