НАТО-гийн гишүүн орнуудын төлөөлөгч нар өнөөдөр буюу 28-нд шуурхай хуралдаан зарласан байна. Сүүлийн үед алан хядах ажиллагаа ихсэх хандлагатай байгаа тул Турк улс хуралдаан хийх хүсэлт гаргасан юм.
НАТО-гийн албан ёсны мэдээнд “Манай гишуүн 28 орны төлөөлөгч нар Вашингтоны хэлэлцээний дөрөвдүгээр зүйлд заасны дагуу хуралдаан хийхээр болсон. Туркт алан хядах ажиллагаа идэвхжиж байгаад бид санаа ихэд зовж байна. НАТО Турк улсыг бүрэн дэмжиж байна” гэж дурджээ. Вашингтоны хэлэлцээний дөрөвдүгээрт “Аль нэг гишүүн орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул заналхийлсэн тохиолдолд тухайн гишүүний хүсэлтийн дагуу шуурхай хуралдаан зарлан хуралдуулна” гэж заасан байдаг аж.
Туркт курдын босогч нар цагдаагийн ажилтныг буудан хөнөөсний дараа курдуудын эсрэг өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулж эхлээд байна. Курдын босогчид хэрэв байдал хурцадвал 2013 онд Засгийн газартай байгуулсан энхийн гэрээг цуцлах болно гэж мэдэгдээд байна. Туркийн томоохон хотуудад байнга жагсаал цуглаан болж, дотоодын байдал хурцадсан тул тус улс ийнхүү НАТО-гийн түншүүдээсээ тусламж хүссэн аж.