БНХАУ-ын Юннань болон Хэйлонжиань мужуудад уурхайн гүнд гацсан уурхайчдыг аварсан талаар тус улсын төв телевиз мэдээлсэн байна. Тус улсын аврах албаныхан хоёр өөр уурхайн гүнд гацаад байсан нийт 17 уурхайн ажилчныг эсэн мэнд аварсан байна.
БНХАУ-ын баруун өмнөд хэсгийн Юннань мужийн Лианхе сууринд байрлах уурхайн агуйд гацсан 11 уурхайн ажилчныг аврах ажиллагаа өчигдөр шөнө эхэлж, тэднийг өнөөдөр өглөө уурхайн гүнээс гаргасан байна. Тус улсын төв телевизийн мэдээллэж байгаагаар эдгээр 11 уурхайчид уурхайн гүнд 40 цаг байсан гэжээ. Харин тус улсын зүүн хойд хэсгийн Хэйлонжиань мужийн Хэган хотод байрлах уурхайн үерийн усанд автсан цооногт гацсан уурхайчдыг аврах ажиллагааг эрчимтэй явуулж, амьд үлдсэн 6 уурхайчныг аварч амжсан талаар тус телевиз дурьдлаа. Аврагдсан 6 уурхайчныг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Харин 4 уурхайчин аврах ажиллагаанаас өмнө уурхайн цооногт нас барсан байна. Уурхайн гүнд гацсан уурхайчид Хэган хотын томоохон нүүрс олборлогч Шушиань үйлдвэрийн ажилчид байжээ. Тухайн бүс нутагт орсон их хэмжээний борооны ус уурхайн гүн рүү урсаж орж ирснээр тэдгээр уурхайчид 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 7 өдрийн турш уурхайн гүнд амь тэмцэн, тусламж ирэхийг хүлээн байсан талаар СиСиТВ мэдээлсэн байна.