МХБХ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа.
Энэ сарын 21-нд эхэлсэн “Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн тэмцээнд нийтдээ 8 баг өрсөлджээ. Арвис, Эрчим, “Хан-Уул” дүүрэг, “Монголын Тэмүүлэл”, “Туулын Том Тулнууд” Хад болон хөдөө орон нутгаас оролцож буй Өвөрхангай аймгийн “Титэм Хужирт” Дархан- Уул аймаг гэсэн эдгээр багууд 7 хоногийн турш тасралтгүй тоглолтуудаа хийж амжилттай дуусгасан байна. Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү түүхэн тэмцээний ялагч, тоглолтын шилдгүүд, хамгийн анхны шар карт ч мөн түүхэн болж үлдэв.
Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж өрсөлдөгчдөө онооны зөрүүтэй буулган авч байсан "Хад" багийн охидууд 7 тойргийн дараагаар 7 хожилтойгоор лигийн аварга багаар тодорчээ.
Тэд эсрэг багийн хаалганд нийтдээ 22 гоолыг оруулж 2 гоол алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоолыг оруулж байгаа гэсэн гайхалтай үзүүлэлтийг гаргаж чадлаа. Мөн багийн хаалгач хамгаалагч гээд байрлал бүр дээр тамирчид өөрсдийн үүргээ тун сайн биелүүллээ. Харин тэмцээний сүүлийн өдөр тэдэнтэй тоглосон “Монголын Тэмүүлэл” баг дэд байранд орсон.