АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эцгийнхээ төрж өссөн нутагт албан ёсны айлчлал хийх гэж байгаа талаар бид өмнө нь үзэгчиддээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаад Обама Кени улсад газардаад байна.
Айлчлалынхаа эхний үдэш АНУ-ын Ерөнхийлөгч Кени улсад оршин суудаг төрөл садангуудтайгаа уулзаж оройн зоог барьжээ. Орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кени улсын нийслэл Найроби хотод ирлээ.
Ерөнхийлөгч Обама энд 3 өдрийн хугацаатай төрийн хэмжээний айлчлал хийх юм. Ерөнхийлөгч Обамагийн эцэг Кени улсад төрж өссөн хэдий ч Обама анх удаа эцгийнхээ төрөлх нутагт төрийн тэргүүний байр сууринаас албан айлчлал хийж буй нь энэ юм. Кени улсад айлчлан ирсэн даруйдаа Обама эцгийнхээ талын гэр бүлийн 30 гаруй гишүүнтэй оройн зоог барьсан байна. Обамагийн төрөл садангууд түүнтэй уулзахаар хөдөө нутгаас нийслэл хотыг зорин иржээ. Харин өнөөдөр тэрээр бизнесийн чуулга уулзалтыг нээх юм байна.
Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кеньятта айлчлалын өмнө хоёр улсын хооронд авч хэлэлцэх хамгийн чухал асуудал бол худалдаа, эдийн засаг хэмээн тодорхойлсон юм. Барак Обама Кени улсын Ерөнхийлөгчтэй уулзаж аюулгүй байдлын асуудлаар санал солилцохоосоо өмнө 1998 онд халдлагад өртсөн АНУ-ын элчин сайдын яаманд зориулсан дурсгалт газартай танилцах юм байна. Аль Кайда бүлэг үйлдсэн гэж үздэг тус халдлагын үеэр АНУ-ын 12 иргэн, элчин сайдын яамны 34 ажилтан гээд 200 гаруй гэм зэмгүй хүн амь насаа алдаж байжээ.