Бурунди улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Пьиер Нкурунзиза нэр дэвшин өрсөлдөхөөр болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, эмх замбараагүй байдал газар авч байсан юм. Гэвч Ерөнхийлөгч ард иргэдийнхээ эсэргүүцлийг үл тоон сонгуульд өрсөлдөж ялалт байгуулаад байна.
Энэ долоо хоногийн мягмар гаригт буюу 21-ний өдөр Бурунди улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн юм. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Пьиер Нкурунзиза дахин өрсөлдөхөөр болсон нь эмх замбараагүй байдал үүсгэж байсан ч Ерөнхийлөгч ялалт байгуулж 3 дахь удаагаа төрийн эрх барихаар боллоо. Долоо хоногийн эхэнд болсон санал хураалтын үеэр сөрөг хүчнийхэн сонгуулийг эсэргүүцсэн юм. Гэвч Ерөнхийлөгч Пьиер өрсөлдөгчдөөсөө хол тасархай саналын илүүтэйгээр ялсан байна. Сонгуулийн хорооны өгсөн мэдээллээр Пьиер Нкурунзиза 69 хувийн саналаар ялжээ. Харин түүнтэй хамгийн ойр санал авсан өрсөлдөгч Агатон Руаса 19 хувийн санал авсан байна. АНУ, Их Британи зэрэг барууны орнууд Бурундигийн Ерөнхийлөгчийн сонгуулийг буруушааж байгаа юм. Учир нь сонгуулийн санал хураалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай, Пьиер Нкурунзиза дахин өрсөлдөх нь хууль бус, хүчирхийлэл сүрдүүлгийн шинжтэй болсон гэж үзжээ. Сонгуулийнэ дүн гарсны дараа нийслэл Бужумбура хотод баяр хөөр аль эсвэл эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний аль нь ч болоогүй байна.