Турк улс Сирийн бүс нутагтай хиллэдэг учраас Исламын улс бүлгийн эсрэг тулаанд хамгийн тохиромжтой байрлалтай юм. Тус улс АНУ-ын армид Сирийн хилийн дагуу орших нисэх хүчний баазаа ашиглуулахаас татгалзаад байсан бол энэ удаад зөвшөөрчээ.
АНУ-ын арми Ирак, Сирийн бүс нутагт хүчээ аваад байгаа Исламын улс бүлгийнхний эсрэг тэмцэлд агаарын дайралтыг ашиглаж байна. Туркийн Засгийн газар нисэх хүчний баазаа ашиглуулахаар болсон нь тулаанд маш том дэм болох юм. Ерөнхийлөгч Барак Обама, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсны дараа асуудал шийдэгдсэн байна. Америкийн Засгийн газар Инкирлик нисэх хүчний баазад байрлах хүсэлтээ хэдэн сарын турш Туркийн Засгийн газарт тавьж, ятгаад байсан юм.
Дээрх мэдээллийг Туркийн талаас албан ёсоор олон нийтэд батлан мэдэгдээгүй байна. Аюулгүй байдлын үүднээс Цагаан ордон ч үгүйсгээд байгаа юм. Гэвч Барак Обама, Эрдоган нар Исламын улс бүлгийн эсрэг тулаанд улам бүр нягт хамтран ажиллахаар санал зөвшилцсөн нь гарцаагүй юм. Энэ 7 хоногийн даваа гаригт Сири улстай хиллэдэг Туркийн жижиг тосгонд Исламын улс бүлэг халдаж 32 иргэн амь үрэгдсэн. Мөн хилийн дагуух мөргөлдөөний улмаас Туркийн нэг цэрэг амиа алдаж, 2 цэрэг хүнд шархадсан юм. Үүний дараа Турк улс Америкийн хүсэлтэнд нааштай хариу өгчээ.