“Малайзын Ерөнхий Сайд Нажиб Разакийн хувийн дансанд тус улсын Хөрөнгө оруулалтын сантай холбоотой хэд хэдэн компаниас 700 сая ам.доллар шилжүүлсэн” гэсэн нийтлэл Америкийн “The Wall Street Journal” сонинд энэ сарын эхээр гарсан билээ. Хэдийгээр Ерөнхий сайд энэ мэдээллийг эсэргүүцэж, тус сонины редакцыг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа ч Малайзын сөрөг хүчнээс Засгийн газрын тэргүүнийг авлига, хээл хахуулийн хэрэгт оролцож, Хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг хувийн зорилгод ашигласан гэж буруутгаж байна.
Энэхүү хэрэгт Сингапурын зарим банк оролцсон байж магадгүй талаар Сингапурын Цагдаагийн газраас мэдээлсэн. Одоогийн байдлаар хоёр банкинд шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа гэнэ. Сингапурын Төвбанкнаас Малайзын Хөрөнгө оруулалтын сантай хамтран мөнгө угаах ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон банк, аж ахуйн нэгжийг хаах хүртэл хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгддээ.