Чөлөөт уран бүтээлч Ай Вэй Вэй-ээс дөрвөн жилийн өмнө хурааж авсан иргэний үнэмлэхийг нь Хятадын эрх баригчид буцаан олгосон байна. Иргэний үнэмлэхээ эргүүлэн авсан тэрээр ирэх намар Их Британий нийслэл Лондон хотноо өөрийнхөө томоохон хэмжээний үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн юм.
Чөлөөт уран бүтээлч, Хятадын Засгийн Газрыг шүүмжлэгч Ай Вэй Вэй иргэний үнэмлэхээ буцааж авсан тухайгаа өчигдөр Инстаграмдаа нийтэлсэн билээ. БНХАУ-ын иргэний үнэмлэхээ барин авхуулсан зургаа “Өнөөдөр би иргэний үнэмлэхээ авлаа” хэмээн гарчиглажээ.Ай Вэй Вэй-н Хятадын Засгийн Газрыг шүүмжилсэн, эсэргүүцсэн өнгө аяс бүхий бүтээлүүд нь олон улсын анхаарлыг анхаарлыг татсанаар түүнийг дэлхийд алдартай уран бүтээлч болгосон билээ. 2011 онд түүнийг Хятадын эрх баригчдын зүгээс 3 сар саатуулсан боловч түүнийг ямар нэгэн хэрэгт яллаагүй юм. Харин түүний загварын компанийг 2.4 сая ам.долларын татварын хэрэгт унагаж, Ай Вэй Вэй давж заалдсан боловч амжилт олоогүй билээ. Их Британий Урлагийн Академийн зүгээс ирэх 9 дүгээр сард Ай Вэй Вэй Лондон хотноо өөрийнхөө томоохон хэмжээний уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах болно хэмээн мэдэгдсэн байна. Түүний бүтээлүүд Их Британи улсад их алдаршсан хийгээд өмнө нь тэрээр 2010 онд Татегийн орчин үеийн урлагийн музейд 100 сая ширхэг шаазангаар хийсэн наран цэцгийн үрийн үзэсгэлэн гаргаж олныг шуугиулж байсан билээ.