Хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдэх “Коран” судрын хамгийн эртний гар бичмэл Их Британий Бирмингхэмийн Их Сургуулийн номын сангаас олдсон талаар тус сургуулийн албаныхан өчигдөр мэдэгдлээ.
Бирмингхэмийн Их Сургуулийн мэдэгдэж байгаагаар энэхүү гар бичмэлийг нүүрстөрөгчийн радио идэвхт изотопын аргаар шалгасан судалгааны үр дүнд Исламын шашны “Коран” судрыг зохиогч Мухаммедийн амьдарч байсан үед, эсвэл түүнийг нас барснаас хойш 20 жилийн дотор бичигдсэн болохыг олж тогтоосон гэжээ. Мухаммедийн хувьд манай эриний 570-аас 632 оны хооронд амьдарч байсан гэж судлаачид үздэг байна. Олдоод байгаа энэхүү гар бичмэл нь малын гаралтай 2 ширхэг илгэн цаасан дээр бичигдсэн ба “Коран” судрын 18-с 20 дугаар бүлгийн хэсгүүдийг бичсэн байна. Эдгээр гар бичмэл бүхий илгэн цаас нь Бирмингхэмийн Их Сургуулийн номын санд маш удаан хугацааны турш хадгалагдаж байсан байжээ.Тус улсын Исламын шашин шүтэгч иргэд “Коран” судрын хамгийн эртний гар бичмэл олдсон үйл явдлыг баяртайгаар хүлээн авч, Лондон хотноо олноороо тэмдэглэсээр байна.