Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын Яам, Швейцари дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб, Швейцарь-Монголын нийгэмлэг хамтран “EURO 2015” анхдугаар тэмцээнийг наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн Нион хотноо зохион байгуулахаар болжээ.
Европын орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөлбөмбөгийн спортоор дамжуулан эх орноо гадаадад сурталчлан таниулах зорилго бүхий энэхүү тэмцээн Нион хот дахь Европын Хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн тоглогчдын талбайд болох гэнэ.
Энэхүү тэмцээнд Швейцари, Их Британи, Герман, Франц, Австри зэрэг улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монголчууд гээд нийт 10 баг оролцон алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач, тэгш тоглогчдыг шалгаруулах юм байна.