Ирэх аравдугаар сарын 11-нд болох Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгогчдын гарын үсэг цуглуулах үе шат эхэллээ. Нэр дэвшигчид энэ сарын 23-наас наймдугаар сарын 21 хүртэл нэг сарын дотор 100 мянган дэмжигчийн гарын үсэг авч байж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх авна.
Нэг сонгогч хэд хэдэн нэр дэвшигчийг дэмжиж болох ч нэг хүний төлөө ганц л удаа гарын үсэг зурах ёстой юм. Беларусийн Сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдсэнээр одоогийн байддаар найман нам, хөдөлгөөнөөс сонгуульд оролцохоор бүртгүүлээд байгаа бол долоон хүнийг Сонгуулийн хууль зөрчсөн хэргээр бүртгэхээс татгалзсан байна.
Одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогоос гадна “Шударга ертөнц” намын тэргүүн Сергей Калякин, Либерал ардчилсан намын дарга Сергей Гайдукевич, Иргэний нэгдсэн намын тэргүүн Анатолий Лебедько, “Үнэнийг хэл” хөдөлгөөний идэвхтэн Татьяна Короткевич, эдийн засагч Виктор Терещенко, улстөрч Жанна Романовская, Эх орончдын намын удирдагч Николай Улахович нар сонгуулийн сунгаанд гарлаа. Тэднээс 100 мянган дэмжигчийн санал авсан нь албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.
Хот, дүүргийн сонгуулийн хороод арав хоногийн дотор цуглуулсан гарын үсгийг үнэн зөв эсэхийг шалгаад тэнцсэн нэр дэвшигчид есдүгээр сарын 15-наас сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм. АЛукашенко Беларусийн түүхэн дэх цорын ганц Ерөнхийлөгч бөгөөд 1994, 2001, 2006, 2010 оны сонгуульд ялалт байгуулж байв.