Өмнөд Африкт жил бүр зохион байгуулагддаг уламжлалт насанд хүрэгчдийн зан үйлээр 32 хүн нас барж, 150 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн тухай Франц пресс агентлаг мэдээллээ.
Уламжлалт зан үйлийн улмаас харамсалтайгаар амиа алдсан өсвөр насны хүүхдүүдийн ихэнх нь насанд хүрсний илрэл болох хөвч хөндөх ёслолд алдаа гаргаснаар амь үрэгдсэн тухай орон нутгийн холбогдох байгууллагууд мэдээлсэн байна. Харин үлдсэн хүүхдүүд нь зодуур нүдүүр, цус алдалт, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир нөхцөлд хөвч тасадсан зэрэг шалтгаанаар амиа алджээ.
Өмнөд Африкийн уламжлалт зан үйл одоо ч гүн гунзгий уламжлагдан үлдсэн зүүн Кэйп мужид л гэхэд 27 өсвөр насны хүү нас барсан байна. Үүнээс гадна түлэгдсэн, толгойгоо гэмтээсэн,. бэлэг эрхтэнийхээ зарим хэсгийг тасадсан зэрэг шалтгаанаар 150 гаруй өсвөр насныхан эмнэлэгт хүргэгджээ.
Энэ жил насанд хүрэгчдийн ёслолд оролцохоор 30 мянган өсвөр насны хүү бүртгүүлсэн байна.
Хөвч таслах зан үйлийг ихэвчлэн 2-4 долоо хоног ой модонд амьдарсны дараа гүйцэтгэдэг бөгөөд бие махбодийн тэсвэрийг шалгах үйл гэж үздэг байна.
Ихэвчлэн зуны цагт болдог насанд хүрэгчдийн зан үйлийг гүйцэтгэх хугацаа нь ойролцоогоор зургаан долоо хоног байх аж.
2008-2013 оны зуны улиралд насанд хүрэгчдийн зан үйлд оролцож байхдаа нас барсан өсвөр насны хүүхдийн тоо 400-г давж, эмнэлэгт хүргэгдсэн өсвөр насныхны тоо 500 мянгад хүрсэн гэсэн үзүүлэлт гарсан аж.
Сэтгэгдэл (1)