Тошиба корпораци сүүлийн зургаан жилд ашгаа хэтрүүлэн мэдүүлсэн гэсэн шуугианы дараа гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Хисао Танака албан тушаалаасаа огцорлоо. Дэд ерөнхийлөгч Норио Сасаки ч огцрох өргөдлөө өгчээ. Одоо Тошибагийн гүйцэтгэх захирлын албыг орлогч дарга Масаши Муромачи хаших юм байна. Тошиба үйл ажиллагааны ашгаа нийт 151 тэрбум иен гэж нэмж мэдүүлсэн хэмээн тус корпорациас томилсон бие даасан зөвлөл Даваа гаригт мэдэгджээ. Энэ бол жинхэнэ орлогын ердөө гуравны нэг хэсэг байсан юм байна.
Тошибагаас гаргасан мэдэгдэлд “Удаан хугацааны турш санхүү, бүртгэлийн худал мэдээлэл цацагдаж байсан нь нотлогдлоо. Хувьцаа эзэмшэгчдэд ноцтой асуудал учруулсандаа уучлалт гуйж байна. Энэ шалтгааны улмаас корпорацийн ерөнхийлөгч Хисао Танака болон дэд ерөнхийлөгч Норио Сасаки нар өнөөдөр огцорно” гэж бичжээ. Хисао Танакагийн ерөнхийлөгчөөр ажилласан 2009-2013 онуудад ашгийн тухай худал тайлан гарч байжээ. 1938 онд байгуулагдсан Тошиба корпораци гэр ахуйн цахилгаас хэрэгслээс цөмийн эрчим хүчний станц хүртэл өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг юм.