ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михайл Горбачёв өчигдөр Москва хотноо болсон Орос-Германы харилцаа, хамтын ажиллагааны тухай номын нээлтэд оролцож үг хэлсэн байна. Энэ үеэр тэрээр мөн түүний биеийн байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Энэ оны 5 дугаар сараас Михайл Горбачёвын биеийн байдал эрс дордож, биеийнх нь зарим хэсэг мэдээгүй болсон тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
Өчигдөр болсон номын нээлтийн үеэр түүний биеийн байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад Михайл Горбачёв "Би өөрийн мэдээгүй болсон биеийн хэсгээ та бүхэнд мэдэгдэхгүйгээр нууж байна" хэмээн тохуурхан хариулсан байна. Германы улс төрч Вильфрид Шарнаглийн Орос-Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар бичсэн шинэ номын нээлтийн үеэр Михайл Горбачёв мөн Украйны хямралын талаар үг хэлсэн байна. Тэрээр тус улсын улс төрийн чиг хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа гээд Украйны улс төрчдийг энэхүү асуудалд дорвитой хандахыг уриалж, энэ асуудлыг яг 80-аад онд ЗХУ-ыг шинэчилж байсан шиг шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцолсон байна.