Хэт даврагчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй Сири улсад Испанийн гурван сэтгүүлч сураггүй алга болжээ.
Испанийн Гадаад хэргийн яамнаас мэдээлж буйгаар сэтгүүлчид хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 11-нд холбоо барьсан байна. Сэтгүүлчид Сирийн Алеппо хотын нутаг дэвсгэрт ажиллаж байсан юм. Тус бүс нутаг нь "Аль-Каида" алан хядах бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтдаг "Жабхат ан-Нусры" бүлэглэлийн хяналтад байдаг юм.
Сураггүй болсон сэтгүүлчдийг Анхель Састре, Антонио Памплиега болон Хосе Мануэль Лопес гэдэг бөгөөд тэд Туркийн хилээр дамжин Сирид орж иржээ. Тэд Афганистан, Ирак, Палестин, Косово, Сомали, Судан, Конго зэрэг зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа дэлхийн халуун цэгүүдэд нэг биш удаа ажиллаж байсан сэтгүүлчид аж.
Гадаадын сэтгүүлчид удаа дараа исламистуудын золиос болж байна. Өнгөрсөн онд "Исламын улс" бүлэглэлийн босогчид АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоули, Стивен Сотлоффийг цаазалсан бичлэгээ тараасан билээ.
Сэтгэгдэл (1)