Африкийн хамгийн том эдийн засагтай улс Нигерийн төрийн тэргүүн АНУ-д айлчилж байна. Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухариг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Төрийн тэргүүний тангаргаа өргөөд удаагүй байгаа Нигери улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Исламын хэт даврагсдын эсрэг тэмцэхэд дэмжлэг хүсч байсан юм. Нигерийн Боко Харам зэвсэгт бүлэг өнгөрсөн жилүүдэд олон мянган гэм зэмгүй иргэний амь насыг хороогоод байгаа билээ. Мөн Нигери улс Африк тивийн хамгийн том зах зээлтэй улс учраас Америк, Нигерийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар уулзалтын үеэр яригджээ.
Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдахад Африк тивд хамгийн өндөр зардлаар явуулсан сонгуульд тооцогдож байгаа. Ерөнхийлөгч асан Гүдлак Жонатаныг Бухари 2,5 сая иргэний саналын илүүтэйгээр ялсан юм. Эмх замбараагүй байдал, техникийн алдаа зэргээс шалтгаалан 2 дугаар сарын 14-ний өдөр болох ёстой байсан сонгууль 3 дугаар сарын 29 хүртэл хойшлогдсон байна.