Сири улстай хиллэдэг Туркийн Суруч хотод дэлбэрэлт болсны улмаас 30 гаруй хүний амь эрсдэж, 100 орчим хүн шархадсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Дэлбэрэлт өчигдөр Суруч хотын соёлын төвийн урьд байрлах кафед болжээ.
Дэлбэрэлтийн үеэр кафед Сирийн Кобани хотыг сэргээн босгоход оролцохоор явах гэж байсан Социалист Залуучуудын холбооны гишүүн болох 300 гаруй хүн байсан аж.
Суруч хот нь сүүлийн саруудад “Исламын улс” алан хядах бүлэглэлийн хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөний гол төв болсон Сирийн Кобани хотын ойролцоо оршдог байна.
Кобани хот дахь мөргөлдөөн сүүлийн зургаан сарын турш үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд 1500 орчим хүний амь эрсэджээ.
Түүнчлэн хэдэн мянган хүн хөрш зэргэлдээ улс руу дүрвэсэн юм. АНУ-аар ахлуулсан олон улсын эвсэл “Исламын улс”-ын эсрэг цохилт өгч байгаа ч хэт даврагчдыг дарж чадахгүй байна.
Дашрамд хэлэхэд хэт даврагчдын бүслэлтэд орсон Кобани хот нь курдуудын хувьд хүн ам их суурьшсан стратегийн зориулалттай бүс нутаг бөгөөд энэ хот өнгөрсөн жил бие даасан байдлаа хүртэл зарлаж байжээ.
Сэтгэгдэл (1)