Кени улсын нийслэл Найроби хотын Уэстгэйт худалдааны төв дэлгүүр 2 жилийн дараа анх удаа үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн байна. Хоёр жилийн өмнө Сомалийн Аль Шабаб зэвсэгт бүлэг худалдааны төв рүү халдсанаас хойш үүд хаалгаа бариад байсан юм. 2013 онд болсон зэвсэгт халдлагын үеэр 67 иргэн амь насаа алдсан харамсалтай түүх бий.
Кенийн Засгийн газар Аль Шабаб зэвсэгт бүлгийнхний эсрэг Сомалийн Засгийн газарт цэргийн тусламж үзүүлснээр Исламын хэт даврагсад өс санах болсон. Найроби хотын захирагч Эванс Кидеро олон зуун худалдан авагчдын өмнө албан ёсоор дэлгүүрийг нээсэн байна. Өнгөрсөн хугацаанд худалдааны төвийг эргэн сэргээж, сэргээн босгох ажил явагдсан юм. Энэ удаад худалдааны төвийн аюулгүй байдлыг дээд зэргээр өндөржүүлэн, металл илрүүлэгч, тэсрэх бөмбөгөөс сэргийлсэн төхөөрөмж, үнэрч нохой зэргээр тогтмол хамгаалах юм байна.