“Кэплэр” сансрын дуран авай Дэлхийтэй олон шинжээрээ төстэй нэгэн гарагийг олж нээснийг “НАСА”-гийн одон орон судлаачид мэдэгдсэн.
Манай гарагаас 493 гэрлийн жилийн зайтай “Кэплэр-186f” хэмээх гараг хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо буюу 1.1 дахин өргөн юм. Харин жин нь дэлхийнхээс 1.5 дахин том аж. “Энэ бол Дэлхийтэй адил хэмжээтэй төдийгүй амьдрал үүсэж болох тойрог зам дахь анхны гараг” хэмээн “НАСА”-гийн судлаач Элиза Куйнтана хэлсэн аж.
“Кэплэр-186f” нь “Кэплэр-186” хэмээх улаан одыг тойрон эргэлддэг таван гарагийн нэг бөгөөд дэлхийтэй адил өөрийн нарнаасаа хэт хол ч биш, хэт ойр ч биш зайд байрладаг тул гарагийн гадаргууд ус шингэн хэлбэрт орших боломжтой аж. Дэлхий дээр ус бий болсноор амьдрал үүссэн гэдгийг судалгааны үеэр Сан Франсискогийн Их Сургуулийн судлаач Стефен Кэйн сануулсан юм.
“Кэплэр-186f” гарагийн тойрон эргэж буй улаан од нь манай Нарны хагастай тэнцэх хэмжээтэй ч тус гарагийн тойрог зам дэлхийг бодвол илүү тогтвортой бөгөөд 130 өдөрт өөрийн одоо нэг бүтэн тойрдог байна. Үүнээс шалтгаалан уг гараг бага дулаан хүлээн авдаг ч далайгаа хөлдөөчихгүй хэмжээний хангалттай дулаахан гараг хэмээн судлаачдын баг тайлбарлалаа.
1995 оноос хойш одон орон судлаачид өөрийн одыг тойрон эргэлдэх 1700 орчим гарагийг янз бүрийн аргаар нээжээ. Тэдгээрийн тэн хагас нь дэлхийгээс том бөгөөд үүнээс хамгийн ойролцоо хэмжээтэй нь саяхан нээгдсэн “Кэплэр-186f” хэмээх амьдрал байж болох гараг болоод байгаа юм..
Сэтгэгдэл (3)