Иракын шүүх алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн 24 дайчинд цаазаар авах ял оноожээ. Тэднийг 2014 оны зургаадугаар сард болсон хядлагын үеэр олон зуун цэргийн аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Шиа ислам голчилсон 1700 гаруй цэргийг жихадуудын бүлэглэл болох “Исламын Улс” Тикрит хотын ойролцоох цэргийн баазыг эзэлсний дараа хөнөөсөн билээ. Харгис бүлэглэл масс хядлагаа бичлэг, зургаар баталгаажуулан дэлхийн дахинд удаа дараа түгээж байсан юм.
Иракын засгийн газрын хүчин өнгөрсөн гуравдугаар сард Тикритыг эргүүлэн авсны дараа бүлэглэлээс хядлагад оролцсон олон арван сэжигтэнг баривчлаад байсан аж. Тэдгээрээс эхний ээлжинд 24 хүнд ялын дээд хэмжээ оноож байгаа нь энэ.
Шүүхийн шийдвэрийг Дээд шүүх рүү явуулсан бөгөөд сарын дотор хариу ирүүлэх юм. Хэрвээ гэмт хэрэгтнүүдийг цаазаар авахыг зөвшөөрвөл “Исламын улс” хариу барих вий хэмээн болгоомжлох оршин суугчид байна.
Эдгээрээс гадна 604 хүнийг байцааж байна.
Г.Үжин