Чили улсын хууль тогтоогчид марихуаны хэрэглээг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хуулийн төслийг дэмжсэн байна. Доод танхмын гишүүдийн 68 нь хуулийн төслийг дэмжиж, 39 нь эсэргүүцсэнээр уг санал дараагийн түвшинд хэлэлцэгдэхээр шилжжээ.
Энэхүү хуулийн төслөөр чиличүүд бага хэмжээний марихуаныг эмчилгээ, зугаа цэнгээн эсвэл оюун санааны хэрэгцээгээр ашиглах эрхтэй болж байгаа юм. түүнчлэн хууль дараагийн шатуудад батлагдвал Чилийн өрх бүр 6 хүртэлх тооны марихуаны ургамал тарих эрхтэй болох юм байна.
Тус улсад өнөөг хүртэл марихуан тарих, худалдах, тээвэрлэсэн тохиолдолд 15 хүртэлх жилийн ял оноодог хууль хэрэгжиж байгаа.
Хуулийн төслийг эрүүл мэндийн хороо хэлэлцэх бөгөөд үүний дараа Сенатын танхим хэлэлцэх юм. Доод танхимд хуулийн төслийг эсэргүүцэгчид энэ нь хар тамхины хэрэглээнд иргэдийг уриалж буй хэрэг хэмээн шүүмжилсэн байна.
2013 онд Уругвай марихуаны зах зээлийг хүлээн зөвшөөрсөн анхны орон болсон юм. Харин Ямайка энэ оны эхээр марихуаны хувийн хэрэглээг хууль ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Г.Үжин