АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнамын Коммунист намын удирдагч Нгуен Фу Тронгтой уулзлаа. Цагаан ордонд болсон энэхүү уулзалтыг Америкийн хэвлэлүүд түүхэн үйл явдал хэмээн онцолж байгаа юм. Учир нь хоёр орон 20 жилийн өмнө дипломат харилцаагаа тогтвортой болгосноос хойш анх удаа ийм өндөр түвшний уулзалт болж байгаа билээ.
Уулзалтын дараа Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “улс төрийн философийн ялгааг эс тооцвол хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа” хэмээн тэмдэглэжээ. Харин Нгуен Фу Тронг уулзалтыг “нөхөрсөг, бүтээлч, эерэг, илэн далангүй болсон” хэмээн тодорхойлов.
Олон улсын ажиглагчид АНУ, Вьетнам хоёр харилцаагаа гүнзгийрүүлэхээр уулзсан нь талууд БНХАУ-ын эсрэг тэмцэх хэрэгцээ гарсных хэмээн тайлбарлаж байна. Нөгөө талаас энэхүү уулзалтыг энэ сард 40 жилийн ой нь тохиох Вьетнамын дайнтай ч холбон тайлбарлах хэсэг байна.
Барак Обама Вьетнамтай харилцаагаа сайжруулахыг уриалсан бол Вьетнамын төлөөлөгч түүнийг эх орондоо айлчлахыг хүсчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Коммунист намын даргын урилгыг зөвшөөрсөн байна.
Г.Үжин