АНУ-ын Шуудангийн Албанаас алдарт дуучин Эльвис Пресли, жүжигчин Пол Ньюман, Ингрид Бергман нарын хөрөг зураг бүхий шинэ шуудангийн маркуудыг гаргахаар болсон байна. Эдгээр нь Үүрд хэмээх шуудангийн маркны цувралын эхлэл болж байгаа юм.
АНУ-ын Шуудангийн Албанаас гаргаж байгаа алдарт дуучин Эльвис Преслигийн шинэ марктай хамт мөн түүний шилдэг дуунуудыг багтаасан цомгийг дагалдуулахаар болжээ. "Эльвис Үүрд" хэмээх шуудангийн маркийг 8 дугаар сарын 12-ноос эхлэн интернетээр болон зарим нэг шуудангийн салбаруудаар борлуулж эхлэх юм байна. Энэхүү марк дээр рок-н-ролл хөгжмийн хааны хар цагаан зургийг ашигласан байна.
"Эльвис Үүрд" марктай хамт дагалдах түүний цомогт шилдэг 18 дууг нь багтаасан байна. АНУ-ын Шуудангийн Албанаас анх 1993 онд Эльвис Преслигийн маркыг гаргаж байсан түүхтэй юм. 1993 оны тэрхүү марк бүх цаг үеийн хамгийн эрэлт хэрэгцээ бүхий дурсгалын маркын нэгээр тодорч байжээ.
Ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэгдэж байсан Швед гаралтай Холливудын алдарт жүжигчин Ингрид Бергманы хөрөг зураг бүхий "Ингрид Бергман Үүрд" хэмээх энэхүү марк 8 дугаар сарын 20-оос худалдаанд гарахаар болжээ. Холливудын алдарт жүжигчин Пол Ньюманы марк ирэх 9 дүгээр сарын 18-нд худалдаанд гарах ба энэхүү марк дээр түүний 1980 онд авхуулсан гэрэл зургийг нь ашигласан байна.