Өчигдар Манила хотноо байрлах БНХАУ-ын ЭСЯ-ны байрны гадна Филиппиний иргэд цуглаж, БНХАУ-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Эсэргүүцэгчид "Хятадууд Филиппинээс явцгаа, Филиппиний эргийн газар нутагт бүү санаарх, Хятадууд Филиппинээс савраа тат, Филиппиний газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэл" гэсэн уриа лоозон барин жагссан байна.
Жагсаалын тэргүүн Ренато Рейс хэлэхдээ Филиппиний ард түмэн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг өөрсдийн үйлдлээр батлаж байгаа хийгээд энэ асуудал дээр олон улсын хамтын нийгэмлэг Филиппиний талд байгаа нь маш чухал юм гэжээ.
Панатаг хэмээх далайн эргийн газар нутгийн маргааны улмаас Филиппин улс анх 2013 оны 1 дүгээр сард олон улсын арбитрын шүүхэд хандсан. Үүнээс нэг жилийн дараа Хятадын эргийн хамгаалалтын усан онгоцууд маргаан үүсээд байгаа Панатаг буюу Скарборо эрэг хавиар байрлаж, өөрсдийн хяналтыг эрчимтэйгээр тогтоож эхэлсэн. Үүний улмаас хоёр улсын хооронд багагүй зөрчилдөөн гарсан билээ.