Өчигдөр Грекийн Сангийн Сайдын тангараг өргөх ёслол боллоо. Ёслолын үеэр Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопоулос шинэ Сангийн Сайд Евклид Цакалотосыг энэхүү албан тушаалд томилогдож байгааг зарлаж, түүнд албан үүргийг нь хүлээлгэн өгсөн байна.
Сангийн Сайд Евклид Цакалотос нь 1960 онд төрсөн, эдийн засагч, улс төрч мэргэжилтэй, Их Британийн Сассексын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бол докторын ажлаа Оксфордын их сургуульд хамгаалж байжээ.
Сангийн Сайдын томилгоог тус улсын ард иргэд янз бүрээр хүлээн авч байна. Афин хотын оршин суугч Шараламбос Читеас хэлэхдээ хуучин Сангийн Сайд Янис Варуфакисыг албан үүргээ хүлээлгэн өгөхөд сэтгэл санаа амарч, шинэ Сангийн Сайд зээлдэгчидтэй арай өөр яриа хэлэлцээр явуулж, тохиролцоонд хүрч чадах байх гэсэн итгэл төрсөн гэжээ. Харин 24 настай Мариа Фанариотигийн хэлснээр улс орны өнөөгийн байдлыг Цакалотос хааш нь эргүүлэхийг мэдэхгүй байна, ямартай ч өмнөх Сайд Варуфакис ажлаа сайн хийж байсан хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Г.Үжин