Унгарын парламент өчигдөр цагаачдын их нүүдлээс тусгаарлаж Сербийн хил дээр өндөр хашаа барихыг багтаасан хуулийн төслийг хэлэлцжээ. Парламент цагаачдын бодлогоо чангатгаж буй хуулийн төслийг дэмжсэн байна.
Даваа гарагт хэлэлцсэн хуулийн төслийг парламентын гишүүдийн 151 нь дэмжиж, 41 татгалзсан байна. Энэхүү хуулийн төслийг эрх баригч Фидесз болон консерватив үзэлтнүүдийн Жоббик нам ихээхэн дэмжжээ.
Санал хураалтын өмнө Дотоод хэргийн сайд Сандор Пинтер “Манай улс түүхэнд байгаагүйгээрээ цагаачдын нүүдэлд өртөж байна. Даац нь 130 хувиар хэтэрчихээд байна” хэмээн хэлжээ.
Унгар улсад орогнол хүсэгчид болон хууль бусаар цагаачлагчид энэ онд огцом өссөн юм. Тус улсын засгийн газрын мэдээлснээр энэ жил 54 мянган цагаач Унгарт нэвтэрсэн нь 2014 оныхоос 11 мянгаар өссөн үзүүлэлт аж.
Шинэ хуулиар цагаачдын түр зуурын кэмпүүдэд баривчилгаа хийх, орогнол хүсэгчийн хүсэлтийг хэлэлцэх хугацааг түргэтгэх болон дахин өргөдөл хүсэх боломжийг хязгаарлах зэрэг зорилтууд хангагдаж байгаа юм. Түүнчлэн Сербийн хил дээр 175 км урттай, 4 метр өндөр ханыг босголоо ч цагаачид орж ирсээр байх тул эрх зүйн ийм нөхцлийг батлах нь зүйтэй хэмээн эрх баригчид үзжээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Золтан Коваксын мэдээлснээр Унгарын эрх баригчид Серби, Македони, Болгар, Грек улсуудыг цагаачид нэвтрүүлэх “аюултай” орон хэмээн үзэж байгаа аж.
Унгарын парламентын энэхүү шийдвэрийг НҮБ-ын хүний эрхийн бүлэглэлүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Д.Идэр