Евробүсийн Сангийн сайдууд бүх нийтийн санал асуулга явуулсан Грект шахалт үзүүлж эхэллээ. Авралын зээлийн хатуу шаардлагаас ард түмнийхээ саналаар татгалзсан Грекийг эдийн засгийн шинэ төлөвлөгөө гаргахыг шаардсан байна.
Бүх нийтийн санал асуулгын дараа Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар уулзаад, Грекийг “жинхэнэ” санал гаргахыг уриалж байна хэмээн мэдээллээ. Тэд Грек евробүсийн бусад 18 оронтой хэлэлцээрт хүрэхийг хүсч байгаа бол хүссэн хүсээгүй төлөвлөгөө гаргах ёстой гэжээ.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас пүрэв гарагт евробүсийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэ уулзалтад Грек ямар ч байсан эдийн засгийн шинэ төлөвлөгөөгөө ерөнхийд нь төлөвлөн очих нь зүйтэй хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.
Грекийн банкууд пүрэв гарагт нээгдэнэ хэмээн хүлээгдэж байсан ч Банкны холбооны тэргүүн Лоуза Кацели энэ хугацааг сунгаж магадгүй талаар мэдээлжээ.
Түүнчлэн Европын Төв банк нөөц нь дуусч буй Грекийн банкуудад яаралтай бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь авралын сангийн зээлээс тусдаа гэв.
Г.Үжин