Одоогоос долоо хоногийн өмнө Тунисын Сус хэмээх далайн эрэг дэх амралтын газарт алан хядагчид халдаж 38 гадаадын иргэний амийг хороосон юм. Тус улсын эрх баригчид хэрэг гарсан даруйд амралтын газар руу цэргүүд илгээж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авчээ.
Тунисын Ерынхийлөгч үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ аюулгүй албаныхан шуурхай арга хэмжээ авч чадаагүй хэмээн шүүмжилжээ. Энэ хэргийг 23 настай С.Резги гэгч оюутан үйлдсэн болох нь тогтоогдсон. Тэрээр Ливи дэх жихадуудын тусгай лагерьт бэлтгэгдсэн аж. Мөн уг хэрэгт холбоотой найман хүнийг баривчилсан байна. Тунисын хууль сахиулах байгууллага алан хядах ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байсан бүлгийг илрүүлж найман лалын сүмийг хаажээ.
Олон түмэнд тэрс үзлийг сурталчилсан хэмээн 80 лалын сүмийг удахгүй нэмж хаах гэнэ. Ажиглагчдын үзэж байгаагаар Ливийн байдал тогтворгүй болсон нь Тунист ийнхүү сөргөөр нөлөөлсөн байна. Мөн Сири болон Иракын дайнд оролцсон лалын шашинт тунисчууд нутагтаа эргэж ирсэнтэй холбоотой аж. Тиймээс ч тус улсын эрх баригчид онц байдал зарласан байна.