АНУ, Куба улсууд 54 жилийн өмнө дипломат харилцаагаа тасалж, харилцан элчин сайдын яамдаа эргүүлэн татаж байсан юм. Харин хагас зуун жилийн дараа хоёр улс дипломат харилцаагаа эргэн сэргээж, элчин сайдын яамдаа нээхээр болоод байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Засгийн газар Куба улстай харилцаагаа эргэн сэргээх оролдлого хийж эхэлсэн талаараа мэдэгдэж байсан бол энэ сард багтаж элчин сайдын яамдаа нээхээр боллоо. Энэ талаар Америкийн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийж, хоёр улс дипломат харилцаагаа сэргээж байгааг албан ёсоор дэлхийн нийтэд зарлан мэдэгдлээ.
Обама “Манай хоёр улс харилцан нэгнээ хүндэтгэсний үүдэн дээр түүхийн хуудсыг шинээр эргүүлж, Засгийн газар, ард иргэд хоорондын харилцаа холбоогоо эргэн сэргээж байна, Кубын удирдагч Рауль Кастротой шууд гэрээ хэлэлцээрт хүрч элчин сайдын яамдаа дахин нээхээр болсон” гэжээ. Мөн хоёр орны харилцааг сайжруулахын тулд салбар бүрийн хамтын ажиллагааг дэмжиж, хүчин чармайлт гарган өөрчлөлтийг авчирна гэдгээ мэдэгдсэн юм.