Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотноо их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан автомашинтай амиа хорлогч этгээд НАТО-ийн зэвсэгт хүчний цуваа болон Кабулын Цагдаагийн төв байранд халдсан хэрэг гарлаа.
Халдлагын талаар тус улсын цагдаагийн байгууллага болон НАТО-ийн албаныхны зүгээс мэдээлсэн байна. Халдлага Кабул хотноо байрлах АНУ-ын Элчин Сайдын Яамнаас холгүй буюу хотын зүүн хэсэгт байрлах нисэх онгоцны буудал руу чиглэсэн зам дээр орон нутгийн цагаар мягмар гаригийн 13 цаг 20 минутанд үйлдэгдсэн байна. Энэхүү халдлагын улмаас 3 хүн амь насаа алдаж,багадаа 60хүн гэмтэл аваад байгаа талаар албаныхан мэдээллэж байна. Дэлбэрэлтийн улмаас үүдсэн хар үүл хотыг бүрхсээр байна.
НАТО-ийн Афганистан улс дахь хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус улсын АНУ-ын цэргийн баг бүрэлдэхүүнтэй хамтарсан эвслийн зэвсэгт хүчний цуваа руу амиа хорлогч этгээд довтолсон гэжээ. Хэрэг явдал түгжрэл үүсээд байсан зам дээр явагдсан ба эвслийн зэвсэгт хүчний цуваанд явж байсан бүрэн тоноглогдсон хоёр техник дэлбэрэлтийн улмаас эвдэрч сүйдсэн байна.
Афганистаны Талибан бүлэглэлийн зүгээс Ассошиэйтэд Пресс мэдээллийн агентлагт энэхүү халдлагад өөрсдийгөө буруугүй гэсэн зурвасыг бичгээр явуулсан байна.