Японы хурдан галт тэргэнд гал гарсан байна. Галын улмаас ослын дохио дуугаргаж нэн даруй зогсчээ. Галын шалтгааныг зорчигч санаатайгаар гал тавьсан гэж үзэж байна. Холбогдох хүмүүс галт тэрэгний нэг вагонд гал тавьсан зорчигчийг түр саатуулан байцааж байна гэжээ.
Сүүлд авсан мэдээллээр ослын үеэр 2 хүн амиа алдсаны нэг нь галт тэргэнд гал тавьсан зорчигч байсан байна. Баттай эх сурвалжийн мэдээгээр 2 зорчигч галын утаанд угаартаж ухаан алдсан байжээ. Нийт 8 зорчигч бэртсэн байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээгээр галт тэргэнд гал тавьсан сэжигтэн өөр дээрээ тос асгаж галыг улам өрдөхийг оролджээ.
Токиогоос Осакагийн чиглэлд зорчигч тээвэрлэж байсан Шинкансэн хурдан галт тэрэг ослын зогсолт хийх үедээ Токио хотын баруун зүгт байдаг Одавара хотын ойролцоо явж байсан байна. Орон нутгийн цагаар 11 цаг 30 минутын үед гал гарах үед галт тэрэгний вагоноос цагаан өнгийн утаа гарч байсан байна. Шинкансэн хурдан галт тэрэг аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, цагт 320 км-ын хурдтай явдаг байна.