ҮДБЭЧ-ын уран нугараач “Монголжингоо” уран нугараачдын холбооны тэргүүн О.Цэцэглэн бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тэрбээр ирэх сарын 4-нд “Могойн чуулган” уран бүтээллийн тайлан тоглолтоо үзэгч олондоо толилуулахаар болсон байна. Энэхүү тоглолт нь манай улсад зохиогдож байгаа уран нугаралтын бие даасан анхны тоглолт гэдгээрээ онцлог аж.
Могойн чуулган аз дагуулдаг гэж Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс тоглолтоо ийн нэрлэсэн байна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх аж.
Эхлээд морин хуур, монгол бүжиг зэрэг ардын урлагтай хослуулж уран нугаралтын үүслийг илэрхийлэх бол дараагийн хэсэгт орчин үеийн жааз, амьд хөгжим, дуучидтай хамтран эмэгтэй хүний гоо биеийг тодотгон үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.