Саяхан Одри Хепбурны бага хүү Лука Дотти Yahoo! Health – ийн уншигчидтай ээжийнхээ эрүүл амьдралын энгийн дүрмүүдийн тухай хуваалцжээ. Тухайлбал:
1. Ус маш ихээр уу: “Ээж маань бусад хүмүүст үнэхээр өндөр шаардлага тавьдаг байсан. Ус сайн уу, тэг ингэ гээд л... Тэр өөрөө маш их ус ууж, ногоо иднэ. Биднийг ч тийм байхыг хүсдэг байсан. Энэ л түүний биднийг хүмүүжүүлсэн арга хэлбэр юм даа.”
2. Махыг хямгадаж ид: “Ээж маань мах иддэг байсан шүү. Гэхдээ маш багаар буюу идэж байгаа хоолных нь 80% нь ногоо болон жимс байдаг байсан юм.”
3. Хөгшрөхөөс битгий ай: “Тэр өөрийнхөө амьдралд эрүүл ухаанаар хандаж, ямар ч зүйлд барагтай л бол санаа зовдоггүй байсан. Хөгширнө гэдгээс хэзээ ч айж байгаагүй. Мэдээж арьсны үрчлээ, цагаан үснийхээ талаар гомдоллохгүй байна гэж үгүй л дээ. Гэхдээ л амьдралдаа сэтгэл хангалуун байж хөгширсөндөө гутардаггүй байсан шүү.”
4. Төмсийг гол хүнсээ болго: “Ээжийн хоолны тавагны нэлээд хэсгийг төмс эзэлдэг байсан. Хооллох хэв маягт нь төмс нэлээд том байр суурь эзэлдэг байсан гэх үү дээ...”
5. Энгийн зүйлсэд ч талархаж сур: “Харагддаг байснаасаа ч илүү эерэг сэтгэлгээтэй хүн байсан шүү. Ихэнх зүйлсэд жаахан охин шиг л ханддаг. Ямар нэг шинэ зүйл олж нээх буюу шинэ дэлгүүр, хоолны жор юу ч байсан мэдэж авангуутаа заавал туршиж үзэж байж санаа нь амарна. Жаахан охин шиг үргэлж л инээж явна. Эргээд бодоход ээж маань амьдралынхаа өдөр бүрийг жинхнээсээ амьдарч өнгөрүүлсэн дээ.”
6. Алгана загасны папиллоте хийх Одригийн жор:
Орц 4 хүнийх:
Үрлэн улаан лооль – 20ш (4 хуваан зүсч бэлдэнэ)
Улаан сонгино – ½ (жижиглэж хэрчсэн)
Төмс – 4ш (Чанаж болгоод хальсыг нь авч дугуй хэлбэртэй болгож зүснэ)
Ганга – 8ш
Алгана загасны ясгүй мах – 4ш
Яншуй, базилын навч, давс, перец зэргийг өөрийн амталгаагаар нэмээрэй.
Тугалган цаас – 8 хуудас
Хийх арга:
Шарх шүүгээгээ 210 градуст халааж бэлтгэнэ. Үрлэн улаан лооль, улаан сонгино, яншуй, базил зэргээ хольж хутгана. 4 хуудас тугалган цаасаа дэлгэж тавиад дээр нь зүссэн төмс болон гангаа байрлуулна.
Дээр нь алгана загасаа тавьж давс перец болон өмнө бэлдсэн улаан лоолинй холимогоороо амтална. Ингээд 4 ширхэг алгана загас амтлагдаж бэлэн болох ба дээрээс нь үлдсэн хуудас тугалган цаасаараа таглах маягаар боож өгнө.
Нэг ч амтлагч гарч, бутрахгүй болгон бооход анхаараарай. Гэхдээ загас маань тугалган цаасанд наалдахгүй байх хэрэгтэй шүү.
Өмнө халаасан шарах шүүгээндээ хийж ойролцоогоор 20 минут байлгана. Хүмүүст таваглаж өгөхийн өмнөхөн дээрх цаасыг нь болгоомжтой аваарай.