Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Европын холбооны эсрэг авсан эдийн засгийн хариу хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгалаа.
2016 оны 8-р сар хүртэл сунгасан хоригийнхоо талаар Оросын Ерөнхийлөгч
"Зарим орны эсрэг авсан хариу хоригийг сунгах хүсэлтийг Засгийн газрын тэргүүн надад хүргүүлсэн.
Оросын аюулгүй байдлыг хангахын тулд би өнөөдөр тус хоригийг сунгах тушаалд гарын үсэг зурлаа" гэж мэдэгдсэн байна. Оросын ашиг сонирхол, улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор дээрх арга хэмжээг авсан гэж уг тушаалд дурджээ.
Путин "Засгийн газар энэхүү тогтоолын дагуу шуурхай ажиллана гэж бодож байна. Энэ нь манай дотоодын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд эерэгээр нөлөөлөх болно" хэмээжээ.
Түүнчлэн Орос улс хүнсний хориг арга хэмжээнийхээ хүрээг тэлж, хориотой барааны тоонд Европын шоколад, чихэр, бяслаг, лаазалсан нөөш, цэцэг зэргийг нэмэх гэнэ.
Нэмж өгүүлэхэд, ЕХ өнгөрсөн 1 жилийн хугацаанд Оросын хариу хоригийн улмаас 2,5 тэрбум долларын алдагдал хүлээсэн билээ.
Сэтгэгдэл (6)