АНУ, БНХАУ кибер халдлагын улмаас үүссэн сөргөлдөөнт байдлыг шийдвэрлэхээр хоёр өдөр үргэжилсэн уулзалт, хэлэлцээрийг өчигдөр өндөрлүүллээ. Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятадыг энэ асуудлаарх хурцадмал байдлыг бууруулах арга хэмжээ авахыг уриалсан байна.
АНУ БНХАУ-ыг засгийн газар болон худалдааны компьютеруудын сүлжээг хакердсан хэргүүдэд буруутгаснаар энэхүү уулзалтыг хийх шаардлагатай болсон юм. Харин Хятадын талаас энэхүү хэргүүдэд буруугүй хэмээн няцааж байсан.
Уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэл хийхдээ “Хоёр тал хакердах асуудлыг зохицуулахын тулд хамтын кибер удирдлагыг бий болгох кодыг олохоор тогтлоо. Үүн дээр хоёр орон хамтран ажиллах болно” гэжээ.
Мөн тэрээр уулзалт, хэлэлцээр шударга болсон бөгөөд хэн нэгнээ илт буруутгасан ширүүн уурс амьсгалд явагдаагүй гэсэн байна.
Г.Үжин