“Wikileaks” сайт АНУ-ын засгийн газрын ноцтой нууц мэдээллийг дэлгэх хоёр дахь их шуургыг эхлүүлээд байгаа. Тус сайтад АНУ Францын Ерөнхийлөгч нарыг тагнадаг байсан гэх баримтууд дэлгэсэн нь олон улсад шуугиан дэгдээгээд байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Францын Ерөнхийлөгч Жак Ширак, Николас Саркози болон Франсуа Олланд нарыг 2006-2012 онуудад тагнаж байсан хэмээн “Wikileaks” сайт бичжээ.
Америкийн засгийн газрын хууль бус үйлдлийг илчлэгч сайт Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тусгай бичиг баримтууд болон тагнуулын тайлангуудаас энэхүү дүгнэлтийг хийжээ. Мөн зөвхөн Ерөнхийлөгч нар ч биш яамдын сайдууд болон АНУ дахь Францын Элчин сайдыг ч тагнаж байсныг нотолсон байна.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа АНУ хариу тайлбар хийхээс татгалзсан нь олон улсыг улам их шуугихад хүргээд байна. Түүнчлэн мэдээллийг үзээд Ерөнхийлөгч Франсуа Олланд Батлан хамгаалахын зөвлөлөө яаралтай хуралдууллаа хэмээн Францын хэвлэлүүд бичжээ.
“WikiLeaks”-ийн баримтуудыг Францын “Liberation” сонин болон “Mediapart” тагнуулын вебсайтад нийтэлснээс уг мэдээлэл ямар их ач холбогдол, шуугиан тарьж буйг харж болно.
Сайтын хөдөлшгүй баримт болсон агентлагийн “олзлогдсон”, “нууц” тайлангуудад 2012 онд Ерөнхийлөгч Франсуа Олланд Грекийг Евро бүсээс гаргах боломжтой эсэх талаар хэлэлцэж байсан нь бичигджээ. Мөн 2011 онд Ерөнхийлөгч Николас Саркози АНУ-ын оролцоогүйгээр Израиль болон Палестинийн хооронд энхийн хэлэлцээрийг сэргээхээр төлөвлөж байсан зэрэг ноцтой шийдвэрүүдийг тэмдэглэсэн байжээ.
Баримтуудыг Үндэсний аюулгүй байдлын агентлагын ажилтан асан Эдвард Сноуден АНУ-ыг улс орон, энгийн иргэдийг тагналаа хэмээн буруутгаж, нууц баримтуудыг дэлгэхдээ хулгайлсан баримтууд дунд байсан уу эсвэл шинээр олж авсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Эх орноосоо зугтаасан Эдвард Сноудений дэлгэсэн баримтууд АНУ-ын Засгийн газар Германыг тагнадаг болохыг гэрчилж байсан юм.
Мөн 2013 онд Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роуссефф болон Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Нието нар өөрсдийг нь тагналаа хэмээн буруутгаж байсан билээ.
Д.ИДЭР
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)