Арменд хэрэглээний цахилгааны үнэ хэтэрхий өсөж байгааг эсэргүүцэж олон мянган хүн жагссан талаар “Guardian” агентлаг мэдээллээ.
Тус улсын нийслэл Ереван хотноо өчигдөр 5000 орчим иргэн эсэргүүцлийн жагсаал хийж, Ерөнхийлөгчийн албаны барилга хүртэл уриа лоозонгоо орилон алхан явжээ. Тэд улс даяар хэрэглээний цахилгааны үнийг 17-22 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ дахин авч үзэхийг шаарджээ.
Жагсагчдыг Ерөнхийлөгчийн албаны барилга хүрэх үед хэв журам сахиулах цагдаагийн бие бүрэлдэхүүн ус шүршигч ашиглан тэднийг зогсоосон байна. Үүний дараа жагсагчид хотын төв зам дээр сууцгаан, замын хөдөлгөөнийг хаасан байна.
Азербайжан, Турк зэрэг улсуудтай газрын маргааны улмаас хил нь хаагдсан улсын хувьд эдийн засгийн байдал хүндхэн байгаа билээ.
Г.Үжин