“Хайрын хурим” салон баяр наадамд зориулан урласан шинэ коллекцоо тун удахгүй дэлгэх гэж байна. Дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нарын үндэсний их баяр наадамд зориулсан энэ удаагийн коллекци бараг бэлэн болж, үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд хүрэх нь. Дизайнер Э.Туулыг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр гэдгээр нь олон нийт андахгүй. Тэрбээр загварын өндөр мэдрэмжтэй сайхан хувцасладаг бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Харин дизайнер Б.Ууганцэцэгийн хувьд “Хайрын хурим” хувцас загварын салоныг амжилттай ажиллуулж яваа чадварлаг дизайнеруудын нэг юм.
Тэд Үндэсний их баяр наадамд зориулсан коллекцио Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр торгон хэвлэлттэй материал тусгайлан захиалж үйлдвэрлэн урлаж байгаа гэнэ. Материалын хувьд дахин давтагдашгүй, шинэлэг, торгон, склад бүхий байхаас гадна зуны улиралд тохирсо нимгэн, хөнгөн байдлыг чухалчилжээ.
Зураач Д.Наранцэцэгийн хувьд эртний Монгол хатад Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн авъяаслаг зураач. Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг “Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц эртний хатадын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь.
“Хайрын хурим” салон шинэ коллекцио үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 25-28-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна. Энэ жилийн наадмын шинэ загварыг сонирхож байгаа хэн бүхэнд энэхүү үзэсгэлэн нээлттэй.
Т.Сар