“Баянгол дүүргийн 100 эрхэм” номны нээлт өчигдөр “Интер ном” их дэлгүүрт болж өнгөрөв. Энэ жил БГД-ийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд тус номыг бүтээжээ. Номны зохиолчоор Х.Түвшинтөгс, Д.Пүрэвсүрэн, Ц.Баттуяа, П.Буян-Эрдэнэ, Р.Өнөржаргал нар ажилласан байна. Тэд номондоо Баянгол дүүрэгтэй ажил амьдралаа холбон, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн 100 эрхмийн алдар гавьяаг мөнхжүүлэн үлдээсэн байна. Номонд Гандан тэхчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Г.Золжаргал, Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа , УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын тэргүүтэй 100 эрхэм багтсан байна.
Энэхүү номны гол онцлог нь номонд багтсан 100 эрхмийн амьдрал, уран бүтээл, хийж бүтээсэн их үйлсийг хөрөг ярилцлага хэлбэрээр хүргэж байгаад оршиж байгаа ажээ. Түүнчлэн хойч үедээ үлгэр дуурайлал сургамж болохуйц онч мэргэн үгс, хошин яриаг тусгасан нь онцлогтой бөгөөд авах зүйл ихтэй бүтээл болсон байна. Зохиолчид энэхүү номоо зуун өнгө, зуун араншин хэмээн тодорхойлжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (12)