Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримтыг хүргэе.
1. Говийн дархан цаазат газрын эзэн болсон мазаалай баавгай Монголдоо төдийгvй дэлхийн ховор амьтдын тоонд ордог байна.
2. 1920-иод оны vеэр оросын жуулчид Баянхонгор аймгийн Сэгс Цагаан богд ууланд мазаалайг анх удаа харсан гэдэг.
3. Мазаалай баавгайн талаарх судалгааг манай улсад 1960 оноос эхэлж хийсэн. 1962 онд Академич А.Болд Мазаалай баавгайг ойн хүрэн баавгайтай харьцуулсан судалгаа хийж, эрдмийн бүтээл тавьж байсан юм. Үүнээс хойш дорвитой судалсан юм байхгvй.
4. Сүүлийн жилүүдэд Шинжлэх ухааны академийн Биологийн хvрээлэн, Олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтарч, мазаалайн судалгаа хийж байна. Тэгэхдээ орчин үеийн судалгааны тоног төхөөрөмж, багажийг ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна.
5. Мазаалай говийн их дархан газрын хад асга, Сэгс цагаан богд болон бусад уулсын бэлээр амьдардаг. Ер нь байгалиасаа эрс тэс уур амьсгалтай хүнд нөхцөлд амьдрах чадвартай.
6. Хятадын Тяньжинь нутгийн уулархаг газраар мазаалай байдаг гэсэн яриа бий ч энэ талаар тодорхой судалгаа мэдээлэл байхгүй. Харин Пакистанд 20-д толгой мазаалай бий. Мөн Энэтхэг, Гималайн нуруу зэргээр байдаг гэсэн мэдээлэл байдаг ч яг судалгаа нь хийгдээгүй байгаа.
7. Сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр илрүүлснээр Монголд 22 мазаалай байгаа юм байна гэдгийг баттай гаргасан байна.
8. Мазаалайн хорогдох гол шалтгаан нь орчны доройтол байгаль, цаг уурын дулаарал, хур тунадас багасч, идэш тэжээл хомсдох зэрэг юм.
9. Манай оронд 1943-1993 он хүртэлх 50 жилийн хугацаанд 22 баавгай хорогдсон байжээ. Эдгээрээс 11 нь хvний гарт өртсөн бол тав нь өлбөрч, гурав нь худагт унаж, нэгийгээ бусад нь барьж, хоёр нь тодорхой бус шалтгаанаар үхсэн байсан.
10. Мазаалай нь хүрэн баавгайнаас биеэр жижиг байдаг. Гэхдээ хоол тэжээлийн хувьд нэг их ялгарахгvй ч Говийн мазаалай мэрэгчдээр хооллоно.
11. Мазаалайн ороо орох сар 5-7-р сар. Хээл тээх хугцаа нь 9-10 сар. Жил өнжиж хээл авдаг бөгөөд 2, 3 дугаар сард төллөдөг.
12. Идэх дуртай ургамал: Бажууны үндэс, Хармагны жимс
13. 2013 онд мазаалай баавгайд зориулан улсын төсвөөс Цагаан бургас гэдэг газар байгуулсан “Мазаалай баавгайн үржүүлгийн төв”-ийг тогтвортой ажиллуулах төлөвлөгөө, стандартыг боловсруулах, боловсон хүчнийг бэлтгэхэд 60 сая төгрөг, мазаалай баавгайн үржүүлгийн төвд шинээр лабораторийг байгуулж, шаардагдах тоног, төхөөрөмжөөр тоноглоход зориулан 120 сая төгрөг тус тус төлөвлөөд байна.
14. Мөн энэхүү амьтныг хамгаалах талаар ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүртэл анхаарч байсан бөгөөд Давосын чуулга уулзалтанд оролцохдоо холбогдох хүмүүст танилцуулж мазаалайн зураг бэлэглэжээ.
15. Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг.
16. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг юм байна.
17. Мазаалайг 1953 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар нэн ховорсон амьтан гэж үзээд агнахыг хориглосон.
18. 1987 оны Монголын анхны "Улаан ном"-нд нэн ховордсон амьтан гэдэг ангилалд оруулсан. Мөн 1997 оны хоёр дахь "Улаан ном", 2000 оны "Амьтны аймгийн тухай хууль"-д ингэж орсон.
19. 1980-аад оны үед мазаалайн бамбарууш барьж циркт сургах гэсэн боловч нэг нас хvрээд үхсэн аж. Амьдрах орчин нь таараагvйгээс тэр ажээ.
20. Монголын жиргээчид хэдэн жилийн өмнө мазаалайг хамгаалах санаачлагаараа нэгдсэн.
21. Жиргээчид “Үндэсний бахархал мазаалай” ТББ-ыг байгуулжээ. Уг байгууллага нь мазаалайн төлөө сэтгэлтэй хэн бүхний өмнө нээлттэй гэнэ.
22. Олон нийтийн сүлжээгээр холбогдогсдын хамгийн түрүүнд хийсэн ажил нь мазаалайг ичээнээс гарахад нэмэлт хүнс хүргүүлэх явдал байв.
23. Мазаалай нь хосолмол хүнстэй амьтан. Махан идэштэй ч гэлээ ургамлаар хооллох нь бий. Гадаадад тэжээвэр амьтанд өгдөг “Педигри” хэмээх зориулалтын хоолыг мазаалайд зориулж авбал “Педигри” компани үйлдвэрийн үнээр нийлүүлж болно гэдгээ илэрхийлжээ.
24. Жиргээчид мазаалайн тухай мэдээллийг олон нийтийн твиттер хуудаснаа #mazaalai #мазаалай гэсэн хаш-тагаар нэгтгэж байгаа аж. Хэрэв та твиттерт бүртгэлтэй бол мазаалайн төлөөх санаачилга, үйл хэргээ дараах хаш-тагаар холбогдон түгээх боломжтой юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (7)