Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаас гарч, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж эхэлсэн. Тэрээр “Анх нэгдүгээр эмнэлэгт аавыгаа сахиж байхдаа сахиурын өрөө ямар чухал болохыг ойлгосон. Учир нь эмнэлэгүүд хэвтэрт байгаа хүмүүсээ сайтар анхаардаг боловч тэднээс дутуугүй зовж шаналсан, ядарсан, хүнд байдалд орсон сахиурууд хаягддаг. Арга ч үгүй биз. Өвчтөнийг нь харна, хажуугаар нь сахиурыг нь харна гэж юу байхав. Ингээд би энэ аяныг эхлүүлсэн дээ, түүнээс би их мөнгөтэй биш. Энэ бүх зүйл дан хандивын мөнгөөр боссон. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгээс эхэлсэн энэ аян маань Хавдар судлалын үндэсний төвд үргэлжилнэ” гэж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.
Мөн тэрээр хандивын аянаас гадна өөрийн уран бүтээлээ ч мартсангүй, “Ю-Фильм” студийн бүтээл “Single ladies” инээдмийн киноныхоо хоёрдугаар ангийг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ. Тэрээр энэ киноныхоо талаар “Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.
“Ю Тийм” ХХК -ны “Ю Фильм” Уран бүтээлийн нэгдэлийнхэн 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн уран бүтээлийн чадварлаг баг, хамт олныг бүрдүүлж тайз, дэлгэцийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна. Уг нэгдэл 2013 онд “Single ladies” инээдмийн кино, 2014 онд “ТюТю” уянгын драмын киног тус тус бүтээж үзэгчдийн хүртээл болгосон.
Тэд “Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эзлэж буй охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн ертөнцөд баяртай, гунигтай, гэрэлтэй, сүүдэртэй олон асуудлууд өрнөж байдаг. Бүсгүйчүүдийн сэтгэлийн торгон мэдрэмж, хүсэл мөрөөдөл, тэр бүр илэрхийлээд байдаггүй асуудлын зангилааг нээж туурвисан бүтээл үгүйлэгдсээр байна. Иймээс тэдний ертөнцийн гүнд нуугдан байгаа тэрхүү гэрлийг “Ю Фильм” асаахыг эрхэмлэж байна.
Монгол бүсгүй хүний гоо сайхан, цаг үеийн хувьсал, сэтгэлгээний анирыг хөндсөн тайз дэлгэцийн бүтээлээр дамжуулан нийгэмд өнгө нэмж эрч хүч, урам зориг, ухаарал түгээх нь бидний эрхэм зорилго” гэдгийг онцоллоо.
JANG YOOGUEN: Олон орноос санал ирсэний эцэст Монголыг сонгосон
Киноны зохиолыг “Single ladies” инээдмийн киноны зохиолч, найруулагч А. Миегомбо бичсэн. Энэ кинон дээр Солонгосын кино найруулагч, зураглаач JANG YOOGUEN - тай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулбал, Солонгосын Сувоны их сургуулийг зураглаачийн мэргэжлээр дүүргэснээс хойш 18 жил кино болон рекламны ертөнцөд өвөрмөц бүтээлүүдээрээ алдаршсан Jang Yookeun шинэ уран бүтээлийн зургийг амилуулах ажээ. Тэрбээр Монголд хэд хэдэн удаа ирж байгаа нэгэн гэнэ. Монголын талаарх сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцахдаа “Анх Монголын тухай мэдээллийг цахим ертөнцөөс хайхад хөдөө буйд нутаг, тэр дундаа хонь малын зураг дүрслэл их гарч байсан. Гэвч эх оронд нь ирэхэд сэтгэгдэл өөрчлөгдсөн. Харин ч эрчимтэй хөгжиж байгаа орон юм гэж бодогдсон” хэмээн өгүүлсэн юм.
Мөн тэрбээр киноныхоо талаар “Жүжигчин Г.Ундармаа бид хоёр маш удаан хугацаанд холбогдсон юм. Үүний эцэст бид хоёр нэг шийдэлд хүрснээр ингээд хамтарч ажиллахаар боллоо. Кино бүтээхдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэж байна. Кино маань сайхан кино болно гэдэгт итгэж байна. Надад жил болгон олон орноос санал ирдэг. Энэ удаад би Монголыг сонгосон” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/