

- Таныг өвчний улмаас таалал төгсчээ гэх мэдээлэл тарж, олон ч хүнийг сандаргах шиг боллоо. Гэхдээ монголчууд ийм ташаа мэдээлэл тарахад мөнхөрдөг хэмээн зөөллөдөг шүү дээ. Ийм яриа яагаад тарах болсон тухай танд сэжүүр, хувилбар байгаа даа?
- Зарим нэг вэб сайтуудаар оройноос авахуулаад тийм мэдээ гараад эхэлсэн. Эх сурвалжаа нягталж, шалгалгүй ташаа мэдээлэл цацсан юм билээ. Түрүүлж, хурдан шуурхай мэдээлэх гэж уралддаг юм уу даа. Бас хүмүүс тийм хар бараан мэдээ илүү шимтэж уншдаг, “гүйлгээтэй” сэдэв ч юм уу, бүү мэд. Тэр сайтууд ийм ташаа мэдээлэл олонд хүргэж бужигнуулсандаа надаас уучлал хүссэн. Надаас гадна уншигчдаасаа, олон нийтээс уучлал гуйх ёстой болов уу гэж би бодож байна. Миний хувьд уучилж болох хэдий ч тийм аймаар мэдээ сонсоод цочирдож, сандарсан хүн их олон байна. Аз болж нас өндөр ээж маань интернэтэд нэвтэрч чадахгүй хойно сонсолгүй өнгөрчээ. Ээжийн чихэнд хүрсэн бол балрах байлаа. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрийн эх сурвалжаас авсан мэдээллээ сайн нягталсны дараагаар нийтэд түгээх ёстой гэдгийг уул нь надаар хэлүүлэлтгүй мэдэх учиртай. Харин энэ удаа тэд алдаа гаргажээ.
-Өөрийгөө өнгөрчихлөө гэх мэдээлэл сонсоход ямар байдаг бол? Та болоод таны ойр дотны хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Ням гарагийн орой энэ тухай мэдээлэл вэб сайтад тавигдсан юм билээ. Даваа гарагт ажил цугларч, хүн бүр тэр вэб сайтын нүүр хуудсан дээр тавьсан харамсалтай мэдээг хамгийн түрүүнд уншсан байна. Ингээд дотны найзуудын маань утас чөлөө завгүй хангинаад эхэлсэн. Асууж лавлах, эмгэнэл илэрхийлэх гээд асуудал ар араасаа хөвөрсөн хэрэг. Хүний найз нөхөд тийм мэдээ сонсоод цочирдож, эмгэнэлгүй яахав. Их ч сандарцгаасан байна лээ. Би гэдэг хүн айхтар хүнд өвдөөд, хагалгаанд ороод удаагүй байсан болохоор арга ч үгүй биз дээ. Гадаадаас Монгол руу ирж байсан нэг найз маань онгоцонд суухаасаа өмнө сонсоод юм хумаа мартаж сандарсан тухай сая мэдлээ.

-Тийм ээ, ар гэр, анд нөхөд, ард түмнээ нэлээдгүй түгшээж байсан үе саяхан. Гэхдээ хувь тавилангийн эргүүлэг, зон олныхоо дэмжлэгээр том аюулын ард гарлаа. Бие маш сайн болсон төдийгүй мундаг том сонгодог жүжгийн продюсероор ажиллаж, гол дүрд нь тоглоод ёстой үхэх завгүй ажиллаж байна. Над руу тэр өглөө залгасан зарим найзууддаа “Болоогүй шүү, Амбий нь “ гэж хэлсэн дээ.
-“Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тавихаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа тухай сонссон?
- Энэ бүтээлийг “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу Г.Доржсамбуу гуайн захиалгаар Д.Мягмар гуай бичиж байсан түүхтэй. “Найрын ширээний ууц”-ын том том дүр бүтээсэн жүжигчид маань амьд сэрүүн, алтан сургаалаа хайрлаад байж байгаа нь бидний хувьд том аз. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай нарын хэлж ярихыг их сонслоо. Мөн 1980-аад онд Дорнод аймагт хөгжимт драм болгож тавихад найруулж байсан Д.Маамхүү гуай маань бидэнд зөвлөгөө өгсөн. Тэдэнтэй ярилцаж, тунгаан бодоод байхад энэ бол гарцаагүй сонгодог бүтээл болохыг мэдэрч байна. Ерөөсөө зохиолоо бичсэн, найруулсан арга барил, хөндсөн цаад сэдэв, драматурги, цаашлаад кино бүтээсэн, хөгжимт драм хийж байсан түүх нь яалт ч үгүй сонгодог бүтээл болохыг дахин дахин харуулж байгаа юм. Ганц жишээ хэлэхэд, зохиолын маань аль ч дүр, хэн ч яаж ч ажиллаж болохоор анхнаасаа бичигдсэн. Гарцаагүй сонгодог. Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд гадаадын сонгодог бүтээл дээр тулгуурлан хичээллэдэг. Гэтэл Монголд сонгодог бүтээл байгаа юм байна гэдгийг бид сая л ухаарч байна.
- Цуу яриа, жүжиг мюзикл дундуур тэгээд нутагтаа очиж амжиж байна уу?
-Э нэ жилийн сар шинээр нутагтаа очиж ээждээ үнсүүлсний дараагаар Дорнол аймгийн Хөгжимт Драмын Театрын ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Тэдэн дунд “Найрын ширээний” ууц жүжгийн хөгжимт драм болгосон хувилбарт нь дуулагддаг, УГЗ В.Боролдой багшийн зохиосон дуунуудыг аялахгүй нэгэн байхгүй байлаа. Өөрийн эрхгүй бахархсан. Ингээд л энэ жүжгийг тайзнаа тавих ажилд эрчимтэй орсон. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Дорнод аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа хөгжимт драмаар тавигдаж байсан энэ жүжгийг өнөөдөр Дорнодын уран бүтээлчид мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулж байгаа. Тэр тусмаа тухайн үед гар бие оролцож байсан алдартай, чадалтай, гайхалтай жүжигчид, хөгжмийн зохиолчдын үр хүүхэд, ач зээ нар нэгдэн нийлж бүтээлээ туурвиж байгаа нь бахархмаар хэрэг. Нөгөө талаар хошин урлагийн бидний хувьд өнөөдрийн төвшингөөсөө нэг шат ахиж байгаа бас нэгэн алхам юм.
Засаг төрөөс дэмжлэг харж, хүлээж суухын оронд сэтгэл байвал нэгдэл бий гэдэгт итгэсэн хэрэг. Дорнод аймгийн Чойбалсан сумын унаган хүүхэд Санжмятавын Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Дорнод нутаг” клубын санаачилгаар бүтэж байгаа юм. Үүсгэн байгуулагч С.Отгобаатрын ээж Сэржмядаг гуай чинь Р.Мягмаржав, бид хоёрын ангийн багш байсан юм. С.Отгонбаатарын санаачилсан “Дорнод нутаг” клуб маш хүчтэй нэгдэл болж чадсан. Үүнд бид талархах учиртай. Нэгдэж чадсаныхаа хүчийг жинхэнэ утгаар нь харуулах “Найрын ширээний ууц” жүжиг тайзнаа амилж байна. Энэ сарын 18, 19-нд Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ.
- Урин цаг хаяанд иржээ. 24tsag.mn-ий уншигчдад хандан “мөнхөрсөн” хүний мэндчилгээ хүргэнэ үү?
- Тэгэлгүй яахав. Намайг таньдаг мэддэг хүмүүс, удаан хүлээсэн Дорнодынхон маань хуурай өвсөнд гал цацсан мэт тархсан таагүй мэдээг сонсоод их цочирдсон байх. Миний бие маш сайн байгаа. Саруул сайхан байгаагийн минь нотолгоо нь энэ сайхан жүжгийн гол дүрд тоглож байгаа хэрэг. Миний төрсөн газар буюу манай аймгийн төвийн 14 дүгээр хороо, одоогийн 3 дугаар хорооны хойд талын нууранд шувуу ирчихсэн байгаа байх. Дулаахан болоод ирэхээр алтан хараацай дуугараад л нутагт минь их сайхан хавар болдог. Удахгүй маш том бүтээлээр та бүхэндээ бэлэг барих болно. Удахгүй уулзъя.
24tsag.mn
Сэтгэгдэл (54)