Өнгөрсөн 7 хоногт АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэвлэлийн бага хурал хийхдээ “Намын эсрэг санал өгсөн гишүүдээ намаасаа хөөх дүрмийн заалттай”-г сүртэйхэн зарласан юм. Түүний энэ мэдэгдэл өнгөрч буй долоо хоногийн хамгийн том дуулиан байсан. Тэгвэл АН-ынхан хэлсэндээ хүрч өчигдөр буюу амралтын өдөр Хяналтын ерөнхий хороогоо хуралдуулжээ. Уг хурлаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг “давхар дээл”-ийг тайлахын төлөө саналаа өгсөн учир намаас хөөх шийдвэр гаргасан. Бас УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татна гэж эх сурвалжууд мэдээллээ.
Гэвч АН-ын Хяналтын зөвлөлийг хууль бусаас гадна шударга бус шийдвэр гаргасан гэж нийгэм шуугиж байна. АН үнэхээр л ардчилсан шударга нам юм бол Р.Бурмаагаас гадна УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан гуравыг ч гэсэн хөөх ёстой байсан. Гэтэл ганц эмэгтэйг нь ялгаж хөөгөөд нөгөө гураваа болохоор чимээгүй үлдээлээ. Энэ хандлага нь АН ардчилсан биш болсны илрэл гэж ярих хүмүүс их байв. Гэвч АН-ын Хяналтын ерөнхий хороо Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан гуравыг тойргоос сонгогдсон Р.Бурмаа бол намын листээр орж ирсэн гэдэг хачин тайлбарыг хийсэн бололтой. Үүнээс тойргоос сонгогдсон, листээр орж ирсэн гишүүдийн хооронд асар их ялгаа гарч ирж байна.
Харин хууль бус гэж үзэж байгаа хэсгийнхний тайлбараар бол УИХ-ын гишүүн өөрийн гэсэн бүрэн эрхтэй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нэг намын Хяналтын ерөнхий хороо шийдэх эрх зүйн үндэсгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хууль зөрчсөн болно. АН-ынхан ийм шийдвэр гаргаснаараа хуулийг уландаа гишгэж байна. Өмнө “Шударга ёс” эвсэлээс сонгогдсон Ц.Цолмон МҮАН-аасаа гарч МАХН-д орсон. Сая УИХ-ын гишүүн Д.Батцогт “Шударга ёс” эвслийн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн. Тэглээ гээд эдгээр УИХ-ын гишүүдийг эргүүлэн татсан юм алга. Тэгтэл УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөж, эргүүлэн татна гэж сүржигнэх нь эрх зүйн хувьд үндэсгүй зүйл байж мэдэх юм.
Тэгээд ч “Р.Бурмааг эмэгтэй хүн болохоор нь элэг барьж байгаа юм”. “Энэ хүнийг олгиарх биш, мөнгөгүй учраас ингэх нь шударга биш байна”, “Олгиарахуудыг нь яаж ч чадахгүй орхиж байгаа биз дээ”, “АН-ынхан эмэгтэйчүүдийг дорд үзэж байна” гэсэн иргэд олон болов.
Үнэхээр Р.Бурмааг АН-ынхан Хяналтын ерөнхий хорооныхоо шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүнээс эргүүлэн татвал ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ парламентад орж ирнэ. Тэрээр АН-ын листийн 11 дүгээр эрэмбэлэгдэж яг урдуураа таслуулсан юм. Сонирхолтой нь Р.Бурмаагийн төрсөн дүү өмнө нь МАН-ын гишүүн байжээ. Түүнийг эгчдээ элдэв мэдээлэл дамжуулсан гэж хардаад МАН-ынхан хөөж байсан гэнэ. Тэгвэл Р.Бурмааг АН-ынхан эсрэг санал өглөө гэж хөөх шийдвэрээ гаргаж. Энэ нь бидитооор биелэлээ олбол төрсөн эгч, дүү хоёулаа намаасаа хөөгдсөн болж таарах нь.
АН-ынхан өмнө нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг удаа дараа Засгийн газрынхаа эсрэг юм ярьж, шүүмжлээд зогсохгүй намаасаа гарья гэж өргөдлөө өгөөд байхад “үгүй” гэсэн. Тэгсэн мөртлөө намаасаа гарна гэж яриагүй Р.Бурмааг хөөх гээд байгаа нь хачирхалтай л хэрэг болж мандах нь гарцаагүй боллоо.
24tsag.mn
Сэтгэгдэл (45)