Ураны нөөц баялагаа Францтай хамтарч ашиглах хэлэлцээр байгуулсан нь эдийн засгаа төрөлжүүлж гэополитикийн хязгаарлалтаа багасгахад чиглэсэн томоохон алхам боллоо. Энэ төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс хоёр хөршийн нөлөөтэй гэдэг нь илэрхий харагдах тусам нийгэм ач холбогдлыг нь илүү сайн ойлгож, улс орны урт хугацааны хөгжилд ямар чухал болохыг нь мэдрэх хандлагатай байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Манай эдийн засаг нүүр, алт, зэс зэрэг хэдхэн ашигт малтмалын экспортоос бүрэн хамааралтай. Энэ хамаарал манай орныг дэлхийн бараа бүтээгдхүүний зах зээлийн үнийн хэлбэлзэлд эмзэг өртөмтгий болгодог. Уран болон газрын ховор махбод экспортолдог болсоноор Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж илүү тэсвэртэй болгоно. Энэ хоёр ашигт малтмал дэлхийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт, нийлүүлэлтийн хэлхээнд орчихвол нэг салбарын уналт манай эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөхөө больчихно.
Уран цөмийн эрчим хүч, газрын ховор махбод өндөр тэхнологийн салбарт амин чухал хэрэгцээтэй тул Монгол Улс энэ үйлдвэрлэлд гол тоглогч байх өргөн боломжтой. Нэгэнт ураны салбарт Францтай хамтрах болчихсон юм чинь чухал ашигт малтмал, газрын ховор махбодын үйлдвэрлэлд Амэриктэй хамтрах чиглэлд Трампын сэдлийг төрүүлж чадвал Монгол Улс өндөр тэхнологи болон дэлхийн зах зээлд саадгүй нэвтэрч эрдэс баялагийнхаа өртгийг нэмэгдүүлж худалдааны цөөн хэдэн түншээс хамаардаг хамаарлаа багасгаж чадна.
ТЭХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ
Дэлхийд цөмийн тэхнологиор тэргүүлдэг Францтай хамтарч ажилласанаар Монгол Улс энэ салбарт өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй болох боломж нээгдэнэ. Аюулгүй уул уурхай, ураны боловсруулалт, байгаль орчны сэргээлт зэрэг олон салбарт мэргэжлийн туршлага хуримтлуулна. Эдгээр мэдлэг, туршлагыг дамжуулж болдог тул Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, өндөр тэхнологийн үйлдвэрлэл зэрэг стратэгийн бусад салбарт чадавхиа бэхжүүлнэ.
Залуучуудын боловсрол, сургалтад хөрөнгө оруулсанаар манай үндэсний ажиллах хүчний өрсөлдөх, шинэчлэгдэх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр 2030 он гэхэд Монгол Улс уран болон газрын ховор махбодын ярвигтай төвөгтэй үйлдвэрлэлийн салбарыг бие дааж авч явах чадавхитай бүтэн нэг үеийн мэргэжилтнүүдтэй болж олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлнэ.
ГЭОПОЛИТИКИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ
Манай газарзүйн хавчигдмал байрлал гадаад бодлогоо тэнцвэржүүлэх шаардлагыг бий болгодог. Францтай уран, Амэриктэй газрын ховор махбодын салбарт түншилж стратэгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал манай олон тулгуурт газаад бодлого жинхэнэ утгаараа хэрэгжиж ганц хоёрхон хөршөөс хамаарсан хязгаарлалтууд багасна.
Франц Европын холбоондоо нөлөөтэй гишүүн, Амэрик дэлхийд тэргүүлэгч гүрэн болохоор хамтын ажиллагаа манайд зөвхөн хөрөнгө оруулалт төдийгүй дипломат жин нөлөө авчирч Монгол Улс дэлхий нийтэд нээлттэй, бие даасан бодлого явуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагийн нотолгоо болно. Ийм жин нөлөө гадны улсын нөлөө, дарамт шахалтыг сөрж саармагжуулахад чухал ач холбогдолтой.
Манай хоёр хөрш биднийг эдийн засгийн хараат байлгахын тулд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлдөг. Энэ нөлөөллийг хэрэгжүүлж ураныг эсэргүүцэгчдийн үйл ажиллагаа эрс идэвхжиж, сүүлийн үед нийт улс орныг хамарсан томоохон сурталчилгааны ажил болтлоо өргөжсөн нь манай тусгаарт тогтнолд эдийн засгийн төрөлжилт ямар их ач холбогдолтой болохыг бэлээхэн харуулж байна. Стратэгийн түншлэлийн сүлжээгээ өргөтгөх тусам Монгол Улс тусгаар байдлаа улам бататгаж, бие даасан шийдвэр гаргах чадавхиа нэмэгдүүлнэ.
ХҮРЭЭЛЭН ОРЧИН БОЛОН СТРАТЭГИЙН ХАРГАЛЗАХ ХҮЧИН ЗҮЙЛС
Уран боловсруулах орчин үеийн тэхнологи, ялангуяа Францын компаниудын хэрэглэдэг арга тэхник хүрээлэн орчин, аюулгүй байдлын шаардлагыг тэргүүн зэрэгт тавьдаг. Францтай энэ салбарт хамтарсанаар Монгол Улсын ураны үйлдвэрлэл олон улсын стандартад нийцэж, хүрээлэн орчны эрсдлийг бууруулж, ашигт малтмалаа урт хугацаанд хариуцлагатай ашиглах нөхцөл бүрдэнэ. Энэ хандлага хариуцлагатай уул уурхайн харьцуулсан үзүүлэлтийг тогтоож Монгол Улс тулхтай хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх шийдвэр төгс байгааг олон улсад нотолно.
Уран болон ховор махбодын стратэгийн ач холбогдол маш өндөр. Дэлхий нийтээрээ ногоон эрчим хүчид шилжих явц түргэсэхийн хэрээр салхин сэнс, цахилгаан машин, цөмийн цахилгаан станцын тэхнологид чухал шаардлагатай эдгээр ашигт малтмалын эрэглт хэрэгцээ улам нэмэгдэнэ. Энэ хоёр ашигт малтмалын найдвартай ханган нийлүүлэгч болчихвол Монгол Улс зөвхөн орлогын тогтвортой эх үүсвэртэй болоод зогсохгүй, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна. Тийм учраас гадаад улс, гаднын байгууллагын төлөөний этгээдүүд ураны хэлэлцээг эсэргүүцэж хүн итгэх аргагүй олон шалтгаан тоочиж байгаа.
ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХ ШААРДЛАГА
Уран эсэргүүцэгчдийн ихэнх нь гаднын ашиг сонирхолыг төлөөлж байгаа бол тэднийг дэмжигчдийн олонхи нь буруу ойлголт, дутуу мэдлэгийн золиос болж байна. Тийм болохоор төр засаг болон оролцогч компаниудын зүгээс төслийн ашиг тус, аюулгүй ажиллагааны талаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллийг тогтмол хүргэх хэрэгтэй. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг байнга зохиож олон нийтийн айдсыг арилгаж, итгэлийг олох хэрэгтэй. Ингэх нь эсэргүүцэгчдийг намнаж нийгмийг хагаралдуулахаас илүү үр нөлөөтэй байж магадгүй. Мөн лобби үйл ажиллагааны тухай хууль баталж гадаад улс, гаднын байгууллагын төлөөний этгээдүүдийг бүртгэх журам гаргах нь стратэгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний эв нэгдлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Стратэгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний эв нэгдэл, алсын хараа зайлшгүй хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол болон гаднын даалгавраар хөгжил дэвшлийг гацаах гэсэн аливаа оролдлого улс үндэстнийхээ ирээдүйг хорлон сүйтгэх, хөгжлийг хорлон саатуулах ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрч эрүүгийн хуулинд тусгах шаардлагатай.
ТӨГСГӨЛ
Францтай хамтарсан ураны төсөл зөвхөн эдийн засгийн санаачилга биш, эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин тунхаглаж, шинэ тэхнологи, инновацид суурилсан хөгжлийн бодлогоо зарласан тул гадаад, дотоодын дайснууд, гаднын төлөөний этгээдүүд хүчтэй эсэргүүцээд байгаа юм. Эдийн засгаа төрөлжүүлж тэхнологийн чадавхиа дээшлүүлэх нь манай гэополитикийн бие даасан байдлыг бэхжүүлж 21-р зууны хүнд бэрх сорилтуудыг хохирол багатай даван туулах нөхцлийг бүрдүүлнэ.
Ураны төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улс дэлхийн эдийн засагт өөрийн гэсэн байр суурьтай болоод зогсохгүй ирээдүй хойчдоо газар доорх биш, газар дээрх бэлэн баялагийг өвлүүлж үлдээнэ. Үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, нээлттэй, ил тод байдлыг хөгжүүлж, тулхтай хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлж чадвал Монгол Улс ураны төслийг улсын хөгжил дэвшил, үндэстний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болгож гадаад улс орнуудаас хамаардаг хязгаарлалтууд, дотоодын дайснуудын эсэргүүцлийг үлэмж багасгах боломж нээлттэй байна.
Л. Алтангэрэл
Сэтгэгдэл (2)