Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Хурдан морины уралдаанаар хүүхэд унаж бэртэн гэмтэх, тэр бүү хэл амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарч байсан тул дээрх арга хэмжээг авсан. Гэвч Монголын морин спорт уяачдын холбооноос “Морин уралдаан бол Монголын нэг өв соёл. Даяаршиж байгаа нийгэмд Монголыг дархлах, хөдөөг монголоор нь байлгах өв соёлыг хориглох ёсгүй” гэж үзэн хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан морьтой жагсаалыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ. Уг асуудлын хүрээнд хүчтэй маргаан өрнөөд буй.
Иймд Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж хаврын морин уралдааныг хориглосон 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөх шийдвэрийг гаргасан. Энэ талаар "Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хэрэв хаврын морины уралдааныг гуравдугаар сараас хойш аймаг орон нутагт зохион байгуулвал заавал 12-оос дээш насны хүүхэд байх ёстой" гэдгийг мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар дараах аймаг, дүүргийн Засаг дарга нар хориглосон шийдвэрийг гаргаад байна. Үүнд,
- Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид
- Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж
- Багануур дүүргийн Засаг дарга О.Даваасүрэн
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил
- Ховд аймгийн Засаг дарга нар "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох" тухай захирамж гаргажээ.