COP 29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал Бүгд найрамдах Азербайжан улсын Баку хотноо үргэлжилж буй. Талуудын бага хуралд дэлхийн 160 гаруй улс орон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, залуучууд, үндэсний цөөнхийг төлөөлөн 50,000 гаруй оролцогчид чуулж байгаа юм. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төрийн болон хувийн хэвшил, ТББ, залуусын төлөөлөл оролцсон билээ.
Баку хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн талуудын бага хурал нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хурдасгах, түүнд хөрөнгө оруулалт босгох чиглэлээр “Санхүүжилтийн ТБХ” буюу “Finance COP” гэж нэрлэгдээд байгаа юм.
Иймд энэ удаагийн талуудын бага хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, мөн түүнд дасан зохицох арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт өртсөн хохирогчдод зориулсан сан босгоход шаардлагатай санхүүжилтийг босгох нь уг хурлаас хүлээгдэж буй нэг гол үр дүн болоод байна. Түүнчлэн хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор олон тооны хүн ажлын байр, санхүүгийн асуудалд өртөж байгааг харгалзан шударга шилжилт хийх асуудал яригдах аж.
Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт хурцадсаар байгаа энэ үед зөвхөн төр засгийн санхүүжилт бус мөн хувийн хэвшлийн чиг үүргийг чухалчилж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулахад зах зээлийн механизмыг ашиглах, үндэсний цөөнх болон залуучуудын оролцоог дэмжиж, чадавхжуулах чиглэлээр мөн чухал шийдвэрүүд гарах хүлээлттэй байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн тухай
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц НҮБУАӨСК /UNFCCC) -ыг Рио Дэ Жанейро хотноо 1992 онд байгуулж, Монгол Улс 1993 онд соёрхон баталсан. Энэхүү конвенц нь 1992 онд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулсан Earth Summit буюу Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан олон улсын байгаль орчны гэрээ, хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болж, өнөөдрийн байдлаар дэлхийн 197 орон нэгдэн орсон байна.
2. Конвенцын зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр ялгарч байгаа хүлэмжийн хийг эрчимтэйгээр бууруулж, агаар мандах дах хүлэмжийн хийн агууламжийг тэнцвэржүүлэхэд оршино. Цаг хугацаа алдах тусам уур амьсгалын өөрчлөлтөд байгалийн аясаар буюу аажмаар дасан зохицох буюу хүнсний үйлдвэрлэл, эдийн засгийг хөгжлийн тогтвортой байдалд сөрөг нөлөөгүйгээр дасан зохицох боломж алдагдах тул яаралтай арга хэмжээ авахыг онцолдог.
3. Дагалдан гарсан эрх зүйн баримт бичиг. Конвенцын зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Үүнд:
-
Киотогийн Протокол (КП) / Kyoto Protocol 1997 онд Япон Улсын Киото хотод батлагдаж 2005 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна; КП-д Монгол Улс нэгдэн орж 1999 оны 12 сарын 15-нд УИХ соёрхон баталсан. КП-д нэгдэн орсон хөгжингүй улс орнууд (Annex 1 countries) хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтыг дэвшүүлсэн; хөгжиж буй улс орнууд (Non-Annex 1 countries) сайн дураараа хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж болно. Нэгдэн орсон бүх улс орнууд Үндэсний хүлэмжийн хийн тооллогын тайлангаа хүргүүлэх үүрэгтэй.
-
Парисын Хэлэлцээр (ПХ)/ Paris Agreement 2015 онд Парис хотноо батлагдаж 2020 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улс уг хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, 2016 оны 9 сарын 21-нд УИХ соёрхон баталсан. Парисын Хэлэлцээрийн зорилго нь дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С[1]аас доош барих, 1.5°С-т хязгаарлахад хүчин чармайлтыг гаргах юм. Хөгжингүй, хөгжиж буй ялгаагүй ПХ-т нэгдэн орсон бүх улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтыг тодорхойлж (Nationally Determined Contribution, NDC), зорилтоо 5 жил тутам ахиулж хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн.
4. Улс орнууд анхны зорилтоо 2015 онд, түүний дараагаар 2020 онд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо шинэчлэн тодорхойлж хүргүүлсэн бол 2025 оны эхний улиралд багтаан 3 дах удаагийн шинэчилсэн зорилтоо (NDC 3.0) хүргүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ зорилтын хэрэгжилтийг хөгжиж буй улс орнууд тухайлбал Монгол Улс – хоёр жил тутамд хэмжиж, баталгаажуулж, ил тод байдлаар тайлагнах ёстой.
Уг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал энэ сарын 22-ны өдрийг дуустад үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)