Дэлхийн 150 гаруй улс орон Хүний папиллома вирус (ХПВ)-ний эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан байна.
ХПВ-ийн эсрэг вакциныг товлолд нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газар, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, вакцинатор, нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 100 гаруй хүнийг хамруулсан талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.